БНСУ-ын 20 дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд “Ард түмний хүч” намаас нэр дэвшигч Юн Сук Ёол ялалт байгуулан ирэх таван жилд тус улсыг удирдах үүрэг хүлээлээ.
Өмнөх жилүүдэд ерөнхийлөгчийн сонгуульд хэн ялалт байгуулсан нь урьдчилсан судалгаагаар тодорхой болчихдог байсан бол энэ удаа 100 хувь санал тоолж дууссаны дараагаар үр дүн нь гарчээ. Учир нь хоёр нэр дэвшигчийн дунд маш ширүүн өрсөлдөөн болсон байна. Тодруулбал, сөрөг хүчнээс нэр дэвшигч Юн Сок Ёол нь өрсөлдөгч Ардчилсан намаас нэр дэвшигч Ли Жэ Мёнгээс ердөө 0.8 хувийн саналын зөрүүгээр ялалт байгуулсан байна.
Ялалтаа баталгаажуулсны дараа Юн Сок Ёол Үндэсний ассамблейд үг хэлэхдээ “Энэ ялалт нь ганцхан манай намынх биш ард түмнийх юм” хэмээгээд хоёр өрсөлдөгчдөө амжилт хүсэн, цаашид ард түмнийхээ төлөө нэг хүн шиг нэгдэн ажиллахыг уриалсан байна.
Үндэсний сонгуулийн хорооноос албан ёсоор батламжилсны дараа Юн Сок Ёол ерөнхийлөгчөөр сонгогдох бөгөөд ирэх 5-р сарын 10-нд Мүн Жэ Инээс албан тушаалаа хүлээн авна. Өдгөө 61 настай Юн Сок Ёол нь хуульч, улс төрч мэргэжилтэй бөгөөд 2019-2021 оны хооронд Өмнөд Солонгосын Улсын ерөнхий прокуророор ажиллаж байжээ.
Тэрбээр Сөүлийн их сургуулийг төгссөн. Өмнөд Солонгосын ерөнхий прокурорын албыг хашиж байхдаа ерөнхийлөгч асан Пак Гын Хэг эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр яллахад голлох үүрэг гүйцэтгэжээ.
Эх сурвалж: KoreaTimes