Оросын буудлагад хүүхдүүдийн хамт өртөж амиа алдсан эмэгтэй Дэлхийн технологийн компанид ажилладаг байжээ

Оросын буудлагад хүүхдүүдийн хамт өртөж амиа алдсан эмэгтэй Дэлхийн технологийн компанид ажилладаг байжээ

Татьяна Перебейнис болон түүний хоёр хүүхэд болох 9 настай Алиса, 18 настай Никита нар өнгөрөгч ням гариг /2022.03.06/-т Украины Ирпин хотыг нүүлгэн шилжүүлэхийг оролдох үеэр Оросын буудлагад өртөж амь үрэгдсэн гэж түүний ажил олгогч SE Ranking дөнгөж сая /2022.03.10/ мэдэгдлээ.

Дэлбэрэлтийн улмаас тэдний гэр бүлийн найз байж болзошгүй өөр нэгэн үл таних эрэгтэй нас баржээ. 43 настай Татьяна Перебейнис SE Ranking-ийн ахлах нягтлан бодогчоор ажилладаг байжээ. Тус компанийн мэдэгдэлд, "Бидний уй гашууг илэрхийлэх, зовлонгоо арилгах үг олдохгүй байна. Гэхдээ бидний хувьд Таня болон түүний хүүхдүүд Алис, Никита нарыг зүгээр л статистик тоо хэвээр үлдээхгүй байх нь маш чухал" гэж дурджээ.

SE Ranking-ийн PR менежер хэлэхдээ, “Татьяна Перебейнис нь Донецк гаралтай бөгөөд 2014 онд хот эзлэгдсэний дараа Киев рүү дүрвэсэн байна. Татьяна, түүний хүүхдүүд болон түүний нөхөр 2018 оноос хойш Киевийн ойролцоох Ирпин хотод байрлах байранд амьдарч байжээ. Улмаар Оросын түрэмгийллийн улмаас Ирпин хотын ихэнх хэсэг усан хангамж, цахилгаан, дулаан хангамжгүй байсан ч Татьяна Перебейнис өвчтэй ээжийгээ асарч байсан тул хотыг орхихоос эргэлзэж байж” гэв.

Гуравдугаар сарын 6-ны ням гаригт Украины Ирпин хотын гудамжинд оросын буудлагын улмаас амиа алдсан хүмүүсийн цогцос. (Diego Herrera Carcedo/AP)

Эх сурвалж: CNN