РОЙТЕРС: ОХУ-ын хийж буй түрэмгийллийн улмаас Рио Тинто "Оюутолгой төсөл"-д ашиглах түлшний өөр эх үүсвэр хайж эхэлжээ

РОЙТЕРС: ОХУ-ын хийж буй түрэмгийллийн улмаас Рио Тинто "Оюутолгой төсөл"-д ашиглах түлшний өөр эх үүсвэр хайж эхэлжээ

Украины түрэмгийллийн улмаас барууны орнууд ОХУ-д эдийн засгийн хориг тавьж буйгаа ээлж дараалан зарлаад байна. Тэгвэл Рио Тинто ХХК Монголын Оюу толгойн зэс, алтны уурхайн төсөлд хэрэглэгдэх шатахуун, шаардлагатай бусад бүтээгдэхүүний тогтмол нийлүүлэлтийг ОХУ-д тавьсан эдийн засгийн хоригоос үл хамааран хангахаар ажиллаж байгаа талаар гаднын томоохон агентлагууд мэдээлжээ.

Тухайлбал “Ройтерс” агентлагт “Рио Тинто ОХУ-аас авдаг шатахуун тэргүүтэй бүтээгдэхүүний нийлүүлэлтийг хэвийн хангахаар ажиллаж байна” хэмээх нийтлэл гарчээ. Уг нийтлэлийг орчуулан хүргэе. 

-РИО ТИНТО ОХУ-Д ҮҮСЭЭД БУЙ НӨХЦӨЛ БАЙДЛЫН УЛМААС ОЮУТОЛГОЙ ТӨСӨЛД АШИГЛАХ ТҮЛШНИЙ ӨӨР ЭХ СУРВАЛЖ ХАЙЖ ЭХЭЛЖЭЭ-

“Рио Тинто” ХХК (RIO.L)(RIO.AX) ОХУ болон бусад газраас авч, Монголд хэрэгжүүлж буй гүний уурхайн өргөтгөлийн ажилд хэрэглэх түлш зэрэг бүтээгдэхүүнийг тогтмол ханган нийлүүлэхээр ажиллаж байгаа талаар тус компанийн гүйцэтгэх захирал мэдээлэв. Англи-Австралийн хамтарсан тус компани дэлхийн хамгийн том зэс, алтны ордуудын нэг болох Монголын Оюутолгойн ордыг ашиглаж буй. Төслийн гуравны хоёрыг Рио, үлдсэн хэсгийг нь Монголын Засгийн газар хянадаг.

ОХУ-д үүсээд буй нөхцөл байдлын улмаас Рио Тинто Оюутолгойн төсөлд ашиглах түлшний өөр эх үүсвэр хайж эхэлсэн. Гэвч Оросоос худалдан авалт хийхээ бүрмөсөн зогсоож чадна гэдэгт итгэлгүй байгаагаа тус компанийн Зэсийн салбар хариуцсан захирал Б.Болд Хьюстонд болсон “CERAWeek” эрчим хүчний бага хурлын үеэр мэдэгдэв. Учир нь Рио Тинто Оюутолгой төсөлд хэрэглэгдэх ихэнх материалыг ОХУ-аас авдаг.

Монгол Улс хойд талаараа Оростой, өмнөд болон зүүн талаараа Хятадтай хиллэдэг тул дэлхийн гурав дахь том зэсийн уурхайн төсөлд нийлүүлэлтээ хангах цөөн сонголт Риод үлдээд байна.

Украин руу довтолж буй энэ үед олон арван компани, улс орны удирдагчид Орос дахь бизнесээ зогсоож, Оросын бүтээгдэхүүнийг худалдан авахгүй гэдгээ мэдэгдээд байна. Харин Б.Болд энэ талаар “Рио Тинто Монгол дахь үйл ажиллагаандаа хэрэглэх Оросоос импортолдог бүх бүтээгдэхүүнээ зогсооход маш хэцүү. Зарим нийлүүлэлтийг бид Казахстанаар дамжуулан ОХУ-аас авдаг. Дэлхий нийт Оросын хилийг бүрэн хаахыг хүсэхгүй л бол нийлүүлэлтийг зогсоох бараг боломжгүй” гэв. 

Рио Тинтотой өнгөрсөн нэгдүгээр сард Монголын засгийн газартай удаан хугацааны маргаанаа эцэслэж, Оюу толгойн гүний уурхайн төслийг эхлүүлэх шийдэлд хүрсэн. Уг гэрээг хийснээр тус компанийн Серби, АНУ, Гвиней дэх төслүүдэд ч томоохон түлхэж үзүүлж, эерэг өөрчлөлтийг авчирсан юм.

Эх сурвалж: Reuters