Н.Түвшинбаярт авсан цагдан хорих "гуравдугаар хугацаа" ирэх Даваа гарагт дуусна

Н.Түвшинбаярт авсан цагдан хорих "гуравдугаар хугацаа" ирэх Даваа гарагт дуусна

Улсын начин асан Э.Энхбат агсны биед хүнд гэмтэл учруулсаны улмаас амь нас нь хохирсон хэрэгт холбогдон шалгагдаж буй олимпын аварга Н.Түвшинбаярт авсан цагдан хорих "гуравдугаар хугацаа" ирэх Даваа гараг /2022.03.14/-т дуусаж байгаа. 

Тодруулбал, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн прокурорын газраас ирүүлсэн Найдангийн Түвшинбаярын цагдан хорих 3 дугаар хугацааг 1 сарын хугацаагаар сунгуулах тухай саналыг 2022 оны хоёрдугаар сарын 10 -ны өдөр хүлээн авч, 2022 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр дүүргийн прокурор, яллагдагчийн өмгөөлөгч нарыг оролцуулан хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жил түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно” гэсэн заалт, мөн хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорьж болно” гэсэн хуулийн заалтуудыг тус тус үндэслэн цагдан хорих 3 дугаар хугацааг нэг сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн.

Яллагдагч Н.Түвшинбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан“ гэж эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.