Өнгөрөгч амралтын өдрүүдэд АШУҮИС-ийн төв байрны нэг давхрын эмэгтэйчүүдийн бие засах газарт гаднын үл таних этгээд камер байршуулж, эмэгтэйчүүдийн зургийг авдаг гэх мэдээлэл цахим сүлжээнд тарж, олны эгдүүцлийг хүргээд байгаа билээ. Иймд бид олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр энэ төрлийн гэмт хэргийг үл ойшоож, даамжруулж болохгүй гэх өнцгөөс үйл явдлыг тодруулан хүргэж байна.
ҮЗЭХ:
-“ОХИДЫН ЧӨЛӨӨТЭЙ БАЙХ ЭРХ ЧӨЛӨӨ”-НД ХАЛДСАН ЭТГЭЭДЭД ЯЛ ОНОГДУУЛДАГ ХУУЛЬ УДАХГҮЙ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛНЭ-
Тодруулбал, гуравдугаар сарын 04 /2022.03.04/-ны өдөр цагдаагийн байгууллагад, “Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн хичээлийн байрны эмэгтэйчүүдийн 00-ын өрөөнд үл таних эрэгтэй нууцаар зураг, бичлэг хийгээд байна” гэсэн дуудлага ирж, холбогдох албаныхан дуудлагын дагуу шалгахад, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх 40 гаруй насны эрэгтэй тус сургуулийн эмэгтэйчүүдийн 00-ын өрөөнд зураг бичлэг хийсэн байсан тогтоогджээ.
Урьд өмнө нь ч энэ төрлийн гэмт хэрэг улсын болоод хувийн их дээд сургуулиудад тохиолдож байсан талаар оюутнууд өөрсдийн цахим хуудаснаа нийтэлсэн байдаг. Гэтэл энэ асуудал тэгсхийгээд намждаг. Холбогдох сургуулийн захиргаанаас ямар нэгэн арга хэмжээ авдаггүй бөгөөд эцэст нь охид эмэгтэйчүүдийн эрх хөндөгдөж, тэдний сэтгэл зүйн асуудал хаалганы цаана үлддэг юм.
Харин яг одоо мөрдөгдөж байгаа хуулиар энэ төрлийн гэмт хэрэгт хүлээлгэх хуулийн хариуцлага сул байгаа гэж хэлж болно. Учир нь АШУҮИС дээр гарсан хэргийг цагдаагийн байгууллага одоо шалгаж байгаа бөгөөд, нууц бичлэг хийсэн этгээдийн бичлэг эрүүгийн гэмт хэргийн шинжтэй бол түүнд хуулийн дагуу хариуцлага үүсгэнэ. Харин гэмт хэргийн шинжгүй бол зөрчлийн тухай хуулиар торгоод өнгөрөх аж. Харин удахгүй хэрэгжих хуулиар энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд шууд “эрүүгийн хариуцлага” хүлээлгэж, ял оногдуулдаг болж байна.
Тодруулбал, хувцас солих өрөө, караоке, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж авдаг өрөө бие засах газар, саун зэрэг "хувь хүний чөлөөтэй байх эрх"-нд ил халдсан газар дуу дүрсний камер байрлуулахыг хориглож байгаа. Ингэсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.