Б.Байгалмаа: Аав нь 12 настай охиныг хүчирхийлж, жирэмслүүлсэн. Үүнийг мэдээллээ гэж цагдаа надад хууль сануулсан

Б.Байгалмаа: Аав нь 12 настай охиныг хүчирхийлж, жирэмслүүлсэн. Үүнийг мэдээллээ гэж цагдаа надад хууль сануулсан

Төрсөн эцэг нь бяцхан охиноо хүчирхийлж, улмаар охин жирэмсэн болсон гэх аймшигтай мэдээллийг өчигдөр нэгэн иргэн олон нийтэд мэдээлж, өнөөдөр 13 цагаас Төв талбай дээр жагсаал зохион байгуулахаар болсон.

Хаалганы цаана үйлдэгдсэн хүчирхийллийн золиос нь 12 настай охин. Харин түүнийг төрсөн эцэг нь хүчирхийлсэн гэж буй. Энэхүү мэдээлэл хэний ч ой ухаанд бахдамгүй мэт боловч энэ нь эргэж буцаах боломжгүй үнэн аж. Тэгвэл эл аймшигт хэргийг анх мэдээлж, олны анхааралд авчирсан иргэн Б.Байгалмаатай ярилцлаа.

ҮЗЭХ:

-Та бүхэн өнөөдөр Төв талбай дээр тайван жагсаал зохион байгуулахаар болсон. Жагсаалын зорилго, агуулгын талаар танилцуулаач?

-Сүүлийн жилүүдэд хүүхдийн хүчирхийлэл, тэр дундаа бэлгийн хүчирхийлэл газар авч, энэ нь нийгэмд хаалттай байсаар байгаа нь эл төрлийн гэмт хэрэг үйлдэгдэх гол шалтгаан болоод байгаа учраас өнөөдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулаад “Мартын наймныг тэмдэглэх бус маргаашаа хамгаалъя” сэдвийн дор Төв талбай дээр тайван жагсаал зохион байгуулахаар болсон.

-Та өөрийн цахим хуудсаараа дамжуулан хүүхдийн хүчирхийллийн маш аймшигтай нэгэн кэйсийг олон нийтэд мэдээлсэн. Таны энэхүү мэдээлэл үнэхээр ноцтой санагдсан?

-Тийм ээ. Миний хийсэн мэдээлэл үнэн.  Төрсөн аав нь охиноо хүчирхийлсний улмаас охин жирэмсэн болж, удахгүй үр хөндүүлэх гэж байгаа талаар би анх олон нийтэд мэдээлсэн. Охин өнөөдөр улсын хамгаалалтад байгаа бол аавыг нь хуулийн байгууллагаас саатуулан шалгаж байгаа гэсэн. Харин энэ нь хохирогчийн эрхэнд халдсан үйлдэл гэж хуулийн байгууллагаас үзэж, надад хууль сануулсан. Тэгэхээр би өнөөдөр үүнээс өөр нарийн мэдээлэл өгөх боломжгүй байна. 

-Хуулийн байгууллага яагаад таны мэдээллийг хохирогчийн эрхэнд халдаж байгаа гэж үзсэн юм бол. Чухам ямар, ямар байгууллагаас танд хууль сануулав?

-Миний хувьд хуулийн нарийн мэдлэггүй учраас тухайн охинд тохиолдсон зүйлд эмзэглэж, ерөөсөө л хаалганы цаана үйлдэгдэж байгаа охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо хүргэх ёстой юм байна гэж үзээд олон нийтэд мэдээлсэн. Харин энэ хэргийг хуулийн байгууллага эцэслээгүй байхад мэдээллээ гэж Эрүүгийн цагдаагийн газар, Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газар, Хүүхэд, гэр бүл хүчирхийллийн эсрэг төв зэрэг байгууллагаас хууль сануулж, энэ хэргийн талаар өөр нарийн мэдээлэл дахин гарахгүй байх, өөрийн цахим хуудсанд нийтэлсэн мэдээллээ устгахыг үүрэгдсэн. Тиймээс  ч би зарим нэгэн мэдээллээ устгасан байгаа.

-Уучлаарай хэдийгээр таны мэдээлэх эрхийг хязгаарласан ч гэсэн асуухгүй байж боломгүй буруу ойлголт олон нийтийн дунд яваад байх шиг байна. Та 10 жилийн сургуульд багшилдаггүй. Харин таны байгууллагын хөтөлбөрт хамрагдсан хүүхдэд дээрх харамсалтай хэрэг тохиолдсон гэж ойлгосон зөв үү?

-Тийм ээ. Олон нийтийн дунд зөрүү ойлголт үүссэн байна лээ. Би одоо арван жилийн сургуульд багшлахгүй байгаа. Харин нэгэн төрийн бус байгууллагын толгойлон ажиллаж байгаа юм. Энэ ТББ-ын шугамаар манай хөтөлбөрт хамрагдсан хүүхдэд дээрх харамсалтай үйл явдал  тохиолдсон байсан. Би үүнийг мэдсэн байж, мэдээгүй мэт дуугүй өнгөрч чадаагүй. Гэтэл өнөөдөр зарим иргэд намайг элдвээрээ хэлж, доромжилж, тэр ч бүү хэл гэр бүлийг минь хүртэл харлуулж байна. Энэ бүхнээс би нэг л зүйл ойлгосон. Ерөөсөө яг л өнөөдөр надад тохиолдож байгаа шиг энэ мэт хэргийг ил болгосон хүнийг чичилж, элдвээрээ хэлж доромжилдог учраас хаалганы цаана үйлдэгдэж байгаа гэмт хэрэг нуун дарагдаж, улам гаж хэлбэрт шилждэг юм байна гэж ойлгоод байж байна. Энэ төрлийн гэмт хэрэг өнөөдөр манай хүүхдэд тохиолдоогүй ч, маргааш танай хүүхдэд тохиолдож болзошгүй асуудал болчхоод байгаа учраас л би өнөөдөр ингэж дуугарч, эл сэдвийг олны анхааралд авчрахыг хүссэн. Түүнээс хэн нэгэн гэр бүл, хүүхдийн талаар мэдээлж, тэднийг харлуулах гэсэнгүй. Ирээдүй болсон үр хүүхдээ хамгаалж, ийм байдалд орсон охид, эмэгтэйчүүдийгээ ямар арга хэмжээ авах ёстой. Хэнд хандах учиртай. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдсэн тохиолдолд хатуу арга хэмжээ авдаг байх гээд энэ бүхний хариултыг л эрэлхийлж байгаа юм гэдгийг л ойлгохыг хүсэж байна.