Оросын арми сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг объектод цохилт өгч байна гэж Украины тал мэдэгдлээ

Оросын арми сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг объектод цохилт өгч байна гэж Украины тал мэдэгдлээ

ОХУ-ын арми сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг энгийн иргэдийн байрлаж буй объектуудад цохилт өгч байна хэмээн Украины Ерөнхий сайдын орлогч Олха Стефанишина мэдэгдлээ.

Тэрбээр дайны нөхцөл байдлын талаар ВВС агентлагт өгсөн ярилцлагадаа “Украины арми хүчтэй эсэргүүцэл үзүүлсний дараа Оросууд энгийн иргэдийн эсрэг асар том ажиллагаа явуулж байна. Ням гараг/2022.03.06/-т гэхэд Ирпинд болсон мөргөлдөөнөөс зугтаж явсан нэг гэр бүлийн дөрвөн хүн харамсалтайгаар амь үрэгдлээ. Мариуполь боомт хотод нөхцөл байдал тааруу байна. Дайны улмаас тус хотын иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг зогсоохоос өөр аргагүй болсон. Мариупольд иргэд ус, цахилгаан, ариун цэврийн байгууламж, хоол ундгүй тав дахь өдрөө өнгөрөөж байна” гэжээ. Мөн тэрбээр энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсгэсэн хэмээн Оросын талыг буруутгасан байна. 

Түүнээс гадна ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейюс Украины эрүүл мэндийн байгууламжуудад халдлага болж буйг анхааруулан, “олон хүн амь үрэгдэж, шархадсан” гэж мэдэгдсэн байна. Мөн Их Британийн засгийн газар "ОХУ хүн ам суурьшсан байршлуудыг онилсон" хэмээн буруутгажээ. Их Британийн төрийн өндөр албан тушаалтан 1999 онд Чечень, 2016 онд Сирид яг ийм тактик хэрэглэж байсныг онцолсон байна.

Гэвч ОХУ-ын талаас энгийн иргэдийг онилсон гэдгийг үгүйсгэж Украины үндсэрхэг үзэлтнүүд "неонацистуудын" эсрэг цэргийн тусгай ажиллагаа явуулж байна гэж мэдэгджээ.

Өнгөрөгч шөнө НҮБ-ын мэдээлснээр Украинд түрэмгийлэл эхэлснээс хойш 364 энгийн иргэн амиа алдсан нь батлагдсан ч бодит тоо үүнээс өндөр байх магадлалтай аж. Тус байгууллагын дүрвэгсдийн комиссын мэдээлснээр хоёрдугаар сарын 24-өөс хойш 1.5 сая гаруй хүн Украиныг орхин дүрвэсэн байна.

Эх сурвалж: BBC, Guardian