Өнөөдөр Ардчилсан намын XIII Их хурал хуралдаж байна. Хуралдааны үеэр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан Ц.Элбэгдоржийн хэлсэн үг олны анхаарлыг татаж байна.
Тэрбээр "Сөрөг хүчин гэгдэх АН-ыг хувааж, бүртгэлээр нь дамжуулж, устгах гэж МАН оролдож байна. Эрх чөлөөний баганаа хөрөөдөж болохгүй. Тиймээс ардчиллаа тойрч нэгдэе. АН ард түмний эрх ашгийн төлөө явах ёстой. Үүнийгээ АН өөрсдөөсөө эхэлж үлгэр жишээ байдлаар харуулах цаг болсон. Э.Бат-Үүлийг эргэж очиход надад “Намаа нэгтгээрэй” гэж захисан. Хуваагдсан хоёр тал ширээний ард суугаад ярилц. Улс төрийн хошин шог хийх хэрэггүй. Нийлж хурлаа хийе. Дарга цэргээ сонгож, дүрмийн өөрчлөлтөө хийе. Монголын ардчиллыг эрх баригч нам алдаа гэж бодож байгаа. Тэд Оросын улс төрийн системээр цааш явах ёстой гээд баясаад сууж байгаа. Ийм хүмүүст өгөөш өгөх хэрэггүй. АН бол Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа шүү.
Монголд болохгүй байгаа асуудал нь улс төртэй холбоотой. Тэр дундаа улс төрийн намтай холбоотой асуудал. Тиймээс Улс төрийн намын тухай хуулийг өөрчлөх шаардлагатай. Улс төрийн намын бүртгэлийн асуудлыг Улсын дээд шүүх шийддэг балмад үйлдлийг хуулиар зогсоох ёстой. УДШ аль нэг талын хамгаалагч болж таарахгүй.
Угтаа бол намын бүртгэл болон бусад асуудлыг Сонгуулийн Ерөнхий хороо шийдэж, намын хооронд маргаан үүсвэл УДШ шийдэх ёстой. Тиймээс эдгээр зүйлүүдийг ярилцаж өөрчлөгдөх шаардлагатай. Орос, Украины дайн одоо хамгийн хүнд хэлбэр рүү орох гээд байна. Эхлээд цэргийн баазыг устгасан бол одоо энгийн иргэд, эмнэлэг, хотын захиргааг бөмбөгдөж байна. Тиймээс энэ дайныг маш хурдан зогсоож энхийн замаар шийдэх хэрэгтэй. Би төрийн тэргүүнээр ажиллаж байх үедээ Монгол Улс төвийг сахих талаар санаачлага гаргаж, аюулгүйн зөвлөл тэр шийдвэрийг дэмжиж УИХ-д мэдээлэл хийж байсан.
Манайхан төвийг сахина гэхээр ямар ч байр суурьгүй байна гэж ойлгодог. Энэ бол маш буруу. Монгол Улсын хувьд хоёр том хөрштэй учраас энхийг эрхэмлэх нь чухал. Төвийг сахина гэдэг өөрийн толгойтой байна гэсэн үг. Тэр шийдвэрийг бүгд дагаж, хүндэтгэдэг. Нэг үгээр хэлбэл, "Монгол Улс төвийг сахина. Асуудал энхийн журмаар шийдэгдэх ёстой. Тиймээс манай нутаг дэвсгэр дээгүүр цэрэг явахгүй гэвэл энэ манай улсын байр суурь. Монголын хувьд төвийг сахих нь Орос, Хятад, АНУ-д толгойгоо мэдүүлэхгүй, өөрийн толгойтой байна гэсэн үг. Төвийг сахисан оронд аюул тулгарвал улс бүр хамгаална. Монголыг ардчилсан, нээлттэй, эрх чөлөөтэй, төвийг сахисан улс гэдэг утгаар нь хамгаална. Төвийг сахисан гэдэг үгийн хажууд энхийг эрхэмлэсэн орон гэдэг үг байнга хамт явдаг" гэлээ.