Г.Алтан агсны гэрэл зургийг Zindaa.mn сайтаас ашиглав
“Алтжин” группийн захирал Г.Алтан өнгөрсөн хоёрдугаар сарын 28-ны өдөр өвчний улмаас таалал төгссөн билээ. Талийгаач тухайн өдөр хагалгаанд орсон бөгөөд хагалгааны дараах хүндрэлээс үүдэн нас барсан талаар эх сурвалж мэдээлсэн.
Г.АЛТАНД АВСАН ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ ӨӨРЧЛҮҮЛЭХ ХҮСЭЛТИЙГ ХОЁДУГААР САРЫН 11-НИЙ ӨДӨР ГАРГАЖ БАЙЖЭЭ
Талийгаач Г.Алтангийн биеийн байдал сүүлийн жилүүдэд хүнд байсан бөгөөд гадны улсад эмчлүүлэх шаардлагатай байжээ. Тиймээс түүний өмгөөлөгч Д.Наранцэцэг "Г.Алтанд холбогдох хэргийг тусгаарлаж шийдвэрлүүлэх, мөн түүнд авсан "Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд удаа дараа гаргаж байсан байна.
Тодруулбал 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн зарлагдсан шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Алтан болон түүний өмгөөлөгч Д.Наранцэцэг нараас шүүгдэгч Г.Алтанд холбогдох хэргийг тусгаарлаж шийдвэрлүүлэх, мөн түүнд авсан “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдааныг хойшлуулсан байдаг. Мөн өмгөөлөгч Д.Наранцэцэг шүүгдэгч Г.Алтанд авсан “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд дахин гаргасныг 2022 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр нээлттэйгээр хянан хэлэлцэж, хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн үед шүүх шүүгдэгч Г.Алтан болон түүний өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээж аваагүй учир талийгаач гадны улсад эмчилгээ хийлгэж чадаагүй аж.
Улмаар эх орондоо хагалгаанд орсон ч хагалгааны дараах хүндрэлийг даалгүй нас барсан байна. Тиймээс ч эл асуудалд талийгаачийн ар гэрийнхэн гомдолтой байгаа ажээ.
Г.АЛТАНГ АНХАН ШАТНЫ ШҮҮХЭЭС ЦАГААТГАСАН Ч ДЭЭД ШҮҮХ ДАХИН АНХАН ШАТНЫ ШҮҮХ РҮҮ БУЦААЖ БАЙВ
Талийгаач Г.Алтанд холбогдох хэргийг эргэн сануулахад, Г.Алтан нь Жаст группийн захирал Ш.Батхүү болон өөрийн хүү Э.Сүрэн нарын хамтаар Эрдэнэт үйлдвэрийг барьцаалан, хуурамч бичиг баримт үйлдэн их хэмжээний мөнгийг Стандарт банкнаас зээлсэн хэргээр 2013 оноос хойш шалгагдаж, эл асуудал шүүхийн шатанд өнгөрсөн 2 жилийн хугацаанд үргэлжилж байсан юм.
Тодотговол, “Жаст групп“-ын захирал асан Ш.Батхүү, "Алтжин" группийн Г.Алтан нарын нэр бүхий 6 шүүгдэгчид холбогдох хэргийг 2020 оны аравдугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж, шүүгдэгч Г.Алтан, Э.Сүрэн нарыг цагаатгаж, шүүгдэгч Ч.Ганзориг, Г.Амарбат, Б.Мөнхжаргал нарт холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байдаг. Харин шүүгдэгч Ш.Батхүүд 8 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэр Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх болон Улсын дээд шүүхээр хянагдаж, Улсын дээд шүүхээс уг хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна. Улмаар тус хэргийг энэ сарын 14-ний өдрийн 10 цагт хэлэлцэхээр товлоод байсан ч Г.Алтан нь эл асуудлыг шүүхээр эцэслэж амжаагүй байхад ийнхүү хорвоогийн мөнх бусыг үзүүллээ.