Өнгөрөгч оны аравдугаар сард консул асан Д.Мөнх-Эрдэнэ Циркийн доторх дүр төрхийг шууд дамжуулалтаар иргэдэд үзүүлж, улсын циркийг нурааж, дахиж ашиглалтад орох боломжгүй болгож байгаа талаар мэдээлж, иргэдэд "үнэхээр цирк дахин ашиглагдахгүй юу" гэх асуулт үлдээж байсан билээ.
ВИДЕО:
Тэгвэл тус циркийг одоогоос 10 гаруй жилийн өмнө Сумо бөхийн аварга Д.Дагвадоржид “үйл ажиллагааг өөрчлөхгүй, зориулалтын дагуу явуулах” болзолтойгоор хувьчилж авсан байдаг. Учир нь “Цирк”-т улсаас жил бүр 200 сая төгрөг төсөвлөдөг байсан тул энэ мөнгийг хэмнэхийн тулд менежментийн хувьчлалаар өгсөн гэдгийг мэдэхгүй хүн ховор биз ээ. Нөгөө талаар сумогийн спортод амжилт үзүүлж, улс орныхоо нэрийг мандуулж явсан гэх утгаар Монголын ард түмэн түүнд итгэх итгэлээр Монголынхоо циркийг илүү хөгжүүлэх нь гэсэн горьдлого төрүүлж байх.
Учир нь тэрбээр анх циркийг хувьчлахдаа 2011 он хүртэл хөгжүүлэх стратеги төлөвлөгөө боловсруулж байсан нэг нь ч хэрэгжээгүй гэдэг.
1971 онд Румын улсын тусламжаар уламжлалт “Монгол гэр” хэлбэртэй циркийг 2000 хүний суудалтайгаар ашиглалтад оруулж, 200 гаруй уран бүтээлчид, 40 гаруй мал ан амьтантай эхэлж байсан юм. Уран бүтээлчдийн зарим нь дурдахдаа, “Циркийн хажууханд мал ан амьтдын хашаа, эд хэрэгсэл байдаг байсан” тухай ч дурддаг.
Тэгвэл Д.Дагвадорж аварга тус циркийг “Монголын Үндэсний цирк” хэмээх ХХК байгуулж захирлаар нь өөрийн ээж болох Х.Пүрэвбадамийг тавьж, хувьцаа эзэмшигчээр өөрийн эхнэр М.Отгонцэцэг нарыг бүртгүүлжээ.
Олон жилийн түүхт, дахин ашиглах бүрэн боломжтой циркт ашиглаж байсан тайз, мал, ан амьтны хашаа хаашаа алга болсон бол гэсэн асуултыг ч иргэд дунд бий. Энэхүү асуултад хариулахаар бид хариултыг хайсан юм. Циркийг нурааж байна гэх мэдээллийн дагуу тэрбээр өгсөн цөөн тоотой хэдэн хариулт бий. Түүний нэг нь өөрийн цахим хуудаснаа, “Цирк бүрэн засвар хийж байгаа шүү! Олон юм яншаад бгаарай!” гэж жиргэж байсан удаатай.
Харин сүүлийн үед циркийн эд хогшлыг Д.Дагвадорж аваргын 2016 онд байгуулж байсан “Гүүний эхэс боловсруулах үйлдвэр”-ийн хашаанд авчирч хураасан байсан гэх мэдээллийн дагуу очсон ч эд хогшил байтугай тус үйлдвэрийн оронд сүүний үйлдвэр баригдсан байв. Харин энэ хавар циркийн барилгын ажлыг эхлүүлж, Монголын циркчдэд барилгыг нь буцааж өгөх үү гэдэг асуулт үлдэж байна.