Энэ сарын 23-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т зочилж, үйл ажиллагаатай нь танилцсан билээ. Түүний энэхүү уулзалт цахим орчинд шүүмжлэл дагуулж эхлээд байна.
Тодруулбал, түүнийг Ерөнхий сайдыг Орхон аймгийн удирдлагууд төдийгүй, үйлдвэрийн дарга удирдлагуудын эртнээс урьдчилан бэлтгэсэн нөхцөл байдалтай танилцаад буцсан хэмээн шүүмжилж буй юм.
Тэрбээр, “Ажил хийдэг, аливаа зүйлийг гуйдаггүй ганц газрыг харлаа. Энэ бол Эрдэнэт үйлдвэр юм” хэмээн хэлж, үйлдвэрийн ажилчдад чихэр тарааж байгаа бичлэг ч олон нийтийг шуугиулаад авав.
Мөн Орхон аймгийн иргэдтэй уулзсан. Эл уулзалтад үг хэлж үзэл бодлоо илэрхийлэх гэсэн иргэдийг хаалганы гадна орхиж, оруулаагүй аж. Харин зохион байгуулалттайгаар бэлтгэсэн, цуглуулсан, төрийн алба хаагчид цуглан алга нижигнүүлсэн байна.
Заал дүүрээгүй хоосон суудал үлдсээр байхад үг хэлж үзэл бодлоо илэрхийлэх гэсэн жирийн иргэд хаалганы цаана үлдсэндээ бухимдалтай байгаа дүр зураг харагдсан юм. Иргэдийг суудал дүүрсэн учир оруулахгүй гэсэн аж.
Иймд Ерөнхий сайдыг яг жирийн ард иргэдтэй, бодит амьдралтай нүүр тулалгүй Орхоны дарга удирдлагуудын бэлтгэсэн дүр зурагтай танилцаад буцсан гэж шүүмжлэх хүн олон байна.