Өнгөрсөн хоёрдугаар сарын 23-ны өдөр /2022.02.23/ өндөр настны биед халдаж амь насыг нь бүрэлгэсэн хэрэг гарсан.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн ... дугаар хорооны 1-р байр ... дугаар орцны гадна “Нүүр нь цус болсон эрэгтэй хүн нас барсан байдалтай байна” гэх мэдээллийг цагдаагийн алба хаагчид хүлээн авч, хэргийн дагуу мөрдлөг, шалгалт хийжээ.
Хэрэг тус өдрийн 19.00 цагийн орчимд гарсан бөгөөд тус байрны харьяа иргэн Г /68 настай/ өндөр настанг Өвөрхангай аймгийн харьяат Ж гэх /35 настай/ эрэгтэй нь цохиж унаган явган хүний зам дагуух хашлага мөргүүлж амь насыг бүрэлгээд хэргийн газраас зугтсан байжээ.
Цагдаагийн алба хаагчид нэн даруй сэжигтнийг улсын хэмжээнд эрэн сурвалжилж хугацаа алдалгүй баривчилсан байна. Манай сурвалжлах баг хэрэг болсон газарт очиж зарим оршин суугчдаас энэ талаар тодруулахад “Хэрэг гарсан нь үнэн. Эхэлж хөгшин хүн дэлгүүр орсон. Дараа нь сэжигтэн залуу дагаж орсон юм шиг байгаа юм. Орой цагдаа нар ойр хавийн дэлгүүрүүд рүү орж мэдүүлэг аваад байх шиг байсан. Хөгшний нүүр битүү цус болчихсон. Хэрэгтнийг хайж байна уу гэлтэй. Шуугилдаад байсан” гэсэн юм.
Мөн албан бус эх сурвалжийн мэдээллээр, “Талийгаач сэжигтнийг таньдаг байсан байж болзошгүй. Дэлгүүр хамт орж зарим зүйлийг худалдаж авчь дараа нь тэд маргалдах нөхцөл байдал үүссэн байж болзошгүй” гэсэн юм. Одоогоор тус хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж. Иймд бид бага насны болон өндөр настай иргэдийг ганцааранг нь гадуур явуулахгүй байх, аль болох хөл хөдөлгөөн ихтэй газраар явахыг анхааруулах үүднээс энэхүү мэдээллийг бэлтгэлээ.