ВИДЕО: Н.Оюунбат "Уурын зуух" зэргийг барьцаалж, Хөгжлийн банкнаас 21.7 тэрбум төгрөгийн зээл авчээ

ВИДЕО: Н.Оюунбат "Уурын зуух" зэргийг барьцаалж, Хөгжлийн банкнаас 21.7 тэрбум төгрөгийн зээл авчээ

Хөгжлийн банкнаас зээл авсан зээлдэгч нарын барьцаа хөрөнгөний талаарх мэдээллийг бид цувралаар хүргэж байгаа билээ. Тэгвэл энэ удаад “Малын гаралтай органик протейны үйлдвэрийн төсөл” хэрэгжүүлэхээр Хөгжлийн банкнаас зээл авсан “Кредос” ХХК зээлийн барьцаанд чухам юу тавив гэдгийг сурвалжиллаа.

ВИДЕО:

“Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлгийн үеэр “Яс боловсруулах үйлдвэр байгуулахаар Хөгжлийн банкнаас зээл авсан ч ковидын нөхцөл байдлаас шалтгаалан төсөл хөтөлбөр нь бүрэн хэрэгжиж чадахгүй доголдож, улмаар чанаргүй зээлдэгч хэмээх ангилалд орсон” гэдгээ мэдэгдсэн “Кредос” ХХК-ийн захирал Н.Оюунбат өдгөө олны танил болоод буй.

Тэрбээр тухайн үед дээрх мэдээллийг өгч байсан бол өнгөрсөн долоо хоногт Хөгжлийн банкны удирдлагууд мэдээлэл хийх үеэр “Кредос ХХК нь протейны үйлдвэр барина гэж 20 тэрбум төгрөгийн зээл авсан ч 6 орчим тэрбумаар нь нэг сэндвичин барилга бариад үлдсэн зээлийн хөрөнгөөрөө хуралдааны бизнес, үнэт эдлэлийн дэлгүүрт хөрөнгө оруулж, үнэтэй автомашин авч уначхаад ковидын нөхцөл байдал гэх тайлбар тавьж байна” гэдгийг онцолсон.

Тэгвэл Малын гаралтай органик протейны үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэхээр Хөгжлийн банкнаас 21,7 тэрбум төгрөгийн зээл авсан “Кредос” ХХК зээлийн барьцаанд үйлдвэрлэлийн барилга, орон сууц, газар, уурын зуух зэргийг барьцаалжээ. Тодруулбал, уурын зуухыг 110 сая, үйлдвэрлэлийн хоёр барилгыг 905 сая, Налайх дүүрэгт байрлах үйлдвэр үйлчилгээний барилгаа 1,3 тэрбум төгрөг зэргээр үнэлж, нийт 22.4 тэрбум төгрөгийн барьцаа хөрөнгө тавьжээ. Харин тус компанийн нийт зээл үлдэгдэл нь өдгөө 24 тэрбум төгрөг болоод байгаа аж. Тиймээс Хөгжлийн банк энэ оны нэгдүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.