Монгол банкнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Хаан банк"-ны хувьчлалтай холбоотой зарим асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Хаан банкны хувьцаа эзэмшигч Савада Сан өөрийн хувиа зарахаар болсон. Хаан банкны 45 хувь нь Токиогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Савада Холдинг компанийн эзэмшилд байдаг. Тус компани 1958 онд байгуулагдсан. Дороо их олон компанитай. Тэр компаниудын нэг нь Хаан банк. Япон, ОХУ-д мөн олон компанитай. Тэгэхээр Хаан банкны хувьцаа эзэмшилд өөрчлөлт оруулахдаа заавал Токиогийн хөрөнгийн биржээр дамжуулж гүйлгээг хийнэ. Савада Сан гомдолтой гэх захиаг ирүүлсэн гэж сонссон. Гэхдээ энэ захиа Монгол банканд ирээгүй, дамжаагүй. АТГ-д хаяглагдаад ирсэн гэдэг мэдээллийг сонссон.
Монгол банктай холбогдох гэвэл заавал банкаараа дамжуулдаг хуулийн зохицуулалттай. 2019 оноос хувьцаагаа зарах процесс явагдсан. Хамгийн сүүлд хувьцаагаа зарахаар Токиогийн хөрөнгийн бирж дээр тендер зарлаж, үүнтэй холбоотойгоор зөвшөөрөл авахаар Монгол банканд хандсан. Монгол банкны зүгээс зөвшөөрөл өгөхтэй холбоотойгоор хуульд заасны дагуу холбогдох зүйлүүдийг шалгаж байна. Энэ хугацаанд Токиогийн хөрөнгийн бирж дээр зарласан тендерийн хугацаа дууссан байна лээ. Өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.