Шүүгчдийн хууль бус үйл ажиллагааны талаар өмгөөлөгч Н.Ариунболд мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Хөгжлийн банкны асуудалтай холбоотойгоор нэлээд олон хүнийг цагдан хорьсон. Үүний дотор миний үйлчлүүлэгч Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат байгаа юм. Түүнийг 2014 онд төрийн өмчит "Эрдэнэс монгол"-д 170 орчим тэрбум төгрөгийн зээл олгосон гэдэг үндэслэлээр АТГ эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж байгаа.
Учир нь Засгийн газрын буюу төрийн өмчит компани зээлээ төлөхгүй байгаа гэдэг шалтгаанаар Н.Мөнхбатыг буруутгаж байгаа юм. Мэдээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үүднээс шалгаж болно. Гэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ хуулиас өөр хуулийн үндэслэлээр цагдан хорих хууль зүйн үндэслэл байхгүй байтал гүйцэтгэх ажиллагааны явцад цугларсан гэх нотлох баримтыг үндэслэж, Н.Мөнхбатыг 30 хоног баривчлан хорих шийдвэрийг гаргасан нь хүнийг хууль бусаар цагдан хорих, Үндсэн хууль зөрчсөн үйлдэл боллоо гэж үзэж байна. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад нотлох баримт үзүүлэхгүйгээр ямар хууль бус үйл ажиллагаа явуулсныг нь мэдэх боломжгүй олгохгүйгээр цагдан хорьж, хүний эрх зөрчсөн гэж үзэж, Шүүхийн Сахилгын хороонд гомдол гаргаж байна" гэв.
Мөн тэрбээр "Цаашид гүйцэтгэх ажиллагааны явцад АТГ, ЦЕГ, ТЕГ зэрэг газрын албан тоотоор хүмүүсийг цагдан хориод байвал хэнийг ч дуртай үедээ гүйцэтгэх ажиллагааны мэдээлэл гэдэг журмаар хүнийг цагдан хорих нөхцөл байдал үүсээд байна. Тиймээс энэ асуудлыг Хүний эрхийн комисс, шүүх, Хүний эрхийн олон улсын байгууллага, Дээд шүүх зэрэг газруудад хандах болно" гэлээ.