Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 4 хүний амь нас хохирсон байна

Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 4 хүний амь нас хохирсон байна

2021.01.26, 27-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 474 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 345 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 12 хүн гэмтэж бэртсэний 8 нийслэлд, 4 орон нутагт бүртгэгдсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 4 хүний амь нас хохирсон байна.  

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 7 осол бүртгэгдэж, 8 хүн гэмтсэн.

Орон нутагт:

  • Мөргөлдөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж 2 хүн гэмтсэн.
  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүний амь хохирсон.
  • Онхолдох хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтэж, 3 хүний амь хохирсон.

Амралтын өдрүүдийн хугацаанд хүүхэд өртсөн 1 осол бүртгэгдэж, 1 хүүхэд гэмтэж бэртсэн байна. Эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ тавих хараа хяналтыг сайжруулах 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна. Явган зорчигч нь 10 хүртэлх насны хүүхэдтэй замын хөдөлгөөнд оролцохдоо өөрөөсөө салгахгүй хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх гэх мэт авч явахаар заасан байдаг тул эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцоно уу.

Хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа аюулгүй байдлын хангаж, хүүхдийн зориулалтын суудалд тээвэрлэх, зориулалтын суудалгүй тохиолдолд суудлыг бүсийг зүүж хэрэглэхийг хэвшүүлэхийг цагдаагийн байгууллагаас та бүхэнд зөвлөж байна.

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 169 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 129, орон нутагт 40 зөрчил тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.

Мөн эдгээр өдрүүдэд архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсоны улмаас 8 хүн гэмтэж бэртсэн байна. МУ-ын ЗХД-ийн Хорин долоо. Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээдийн үүрэг

27.2. б “Өөрийн үйлдлийг хянах чадваргүй согтуурсан, мансуурсан байдалтай буюу сэтгэцийн өвчтэй хүнийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх”-аар үүрэгжүүлэн өгсөн байдаг. Иймд иргэд та бүхэн бие биедээ тавих хараа хяналтыг сайжруулах шаардлагатай.

Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол  тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаа анхааруулж байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд жолооч нь зам болон цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой бага хурдтай зорчхоор заасан байдаг. Иймд  замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн өвлийн улиралд тээврийн хэрэгслийнхээ дугуйг зориулалтын өвлийн улирлын дугуйгаар солих, халтиргаа гулгаатай замд хурдыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс 20-30 хувиар бууруулж зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.