“Оргил” худалдааны төвийн урдах авто зогсоолыг чөлөөлүүлэх хуульч А.Базарын гомдлыг хүлээн авахаас татгалзжээ

“Оргил” худалдааны төвийн урдах авто зогсоолыг чөлөөлүүлэх хуульч А.Базарын гомдлыг хүлээн авахаас татгалзжээ

Хан-Уул дүүргийн “Энканто” хотхонд үйл ажиллагаа явуулдаг “Оргил” худалдааны төвийн авто зогсоол нь явган болон дугуйгаар зорчигчдын хөдөлгөөнд саад учруулж байгаа талаар цөөнгүй иргэн хэлж, гомдоллож ирсэн.

Улмаар хуульч А.Базар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд "Камдер" ХХК-ийн эзэмшилд байдаг “Оргил” худалдааны төвийн автомашины зогсоолоос тус компанийн эзэмшилд хамааралгүй газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийг иргэн хүний хувьд гаргасан байдаг. Нэхэмжлэлийн дагуу өнгөрсөн оны наймдугаар сард Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хуралдаан болж, тус авто зогсоолын газрыг чөлөөлөх шийдвэр гаргаснаар олон хүний магнай тэнийж байв.

Гэвч шүүхийн шийдвэр өнөөг хүртэл хэрэгжээгүй, иргэдийн аюулгүй зорчих эрх зөрчигдсөөр байна. Учир нь Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазарын төлөөлөгч болон “Камдер” компанийн гаргасан гомдлын дагуу давж заалдах шатны шүүх “газар чөлөөл” гэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон юм.

Тиймээс хуульч А.Базар дахин Захиргааны хэргийн шүүхэд дахин гомдол гаргасан байдаг. Тэгвэл Нийслэлийн прокуроын газраас түүний гаргасан гомдлын дагуу хариу мэдэгдэх хуудас илгээжээ. Ингэхдээ “зөрчлийн улмаас эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн нөхцөл байдал тогтоогдоогүй” гэсэн байна.

Тодруулбал, мэдэгдэх хуудаст “Хэргийг хянахад Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагч Т.Эрдэнэболор “Камдер” ХХК нь зөвшөөрөлгүйгээр газар ашиглаж, явган хүн болон унадаг дугуйн зорчих хэсгийн замыг эвдэн уг газрыг машины зогсоол болгон өөрчилсөн талаар гаргасан гомдол нь Захиргааны хэргийн шүүхийн харьяалал байх тул зөрчлийн шинжгүй үндэслэлээр зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, энэ талаар танд хариу мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн баримт хэрэгт авагджээ. Мөн танаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчлийн улмаас эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэн хохирогчоор мэдүүлэг аваагүй байна.

Иймд та зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны оролцогч биш, цаашид эрх бүхий албан тушаалтны шийдвэр,үйл ажиллагааны талаар прокурорт гомдол гаргах эрхгүй байх тул танаас гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ гэжээ.

Нийслэлийн Прокурорын газраас ирүүлсэн хариу мэдэгдэх хуудас