Метал рок төрлөөр уран бүтээлээ туурвин хилийн чанадад олон улс орны сонсогч, үзэгчдийг байлдан дагуулж буй "The Hu" хамтлагийн "Gereg" цомог Billboard-ыг тэргүүлсэн гэх сайхан мэдээгээр Монголчууд өнөөдрийн эхлүүлсэн билээ.
Эл баярт мэдээлэлтэй холбогдуулан дэлхий дахинаа монголынхоо өв соёлыг гайхуулаад байгаа “The HU” хамтлагийг үүсгэн байгуулагч Гавьяат жүжигчин, дуучин, продюссер Б.Дашдондогтой холбогдож түүний сэтгэгдлийг сонссон юм.
Тэрбээр хэлэхдээ, “Энэ бол баярлахгүй байхын аргагүй гоё мэдээ юм. Сайхан байна. Гэхдээ онгирч сагсуураад байх нь хаашаа юм бэ. Энэ хамтлагт цааш туулах урт зам бий. Ер нь “Billdoard”-д нэр дэвшинэ гэдэг "Grammy awards"-д нэр дэвшихийн анхан шатны үзүүлэлт юм. Сайхан мэдээ боловч баярлахад эрт байна. Бүр илүү босох хэрэгтэй. Монголын рок дэлхийд мандан, гарч ирж байсан түүх байхгүй шүү дээ. Энэ бол хамгийн анхны тохиолдол, амжилт. Одоо дэлхий дахинаа мандан бадарч буй рок хамтлагууд “The Hu” хамтлагийн дор жагсаж байгаа нь Монгол хүн бүрт л омогшилтой, сайхан санагдаж, бөөн баяр болцгоож байх шиг байна.
Ийм сайхан мэдээн дээр дөрөөлөөд илүү их хөдөлмөрлөх хэрэгтэй юм шиг санагддаг шүү. “The Hu” хамтлаг сая Канадад гурван тоглолтоо өндөрлүүлсэн. Одоо Нью-Иоркод өнөө маргаашгүй тоглох гээд байж байна. Маргааш тоглож магадгүй. Тоглолтууд амжилттай зохион байгуулагдаж байна. Америкчууд маш өндөр сэтгэгдэлтэйгээр хүлээн авч байгаа. Америкт амьдардаг Монголчууд өндөр хэмжээнд хүлээн авсан шүү" хэмээн ярилаа.