Б.Эрдэнэбат: Манай зээлд асуудал байхгүй. Найдваргүй зээлдэгч биш

Б.Эрдэнэбат: Манай зээлд асуудал байхгүй. Найдваргүй зээлдэгч биш

“Эрэл” ХХК-ийн удирдлагууд Хөгжлийн банкны зээлийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тус компанийн ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбат "2013 оны тавдугаар сард Засгийн газраас Улаанбаатар хотын иргэдийг орон сууцжуулах тогтоол гаргасан. Чингис бондын эх үүсвэрээс 13 сая ам.долларыг Эрэл компанид олгохоор болсон. Ингэхдээ гэр хорооллын 180 мянган өрхийг орон сууцжуулж тухайн үеийн ханшаар худалдаж авахаар тохирсон. Улмаар манай компанид найман жилийн хугацаатай 14 сая ам.долларыг өгсөн. Би бондоос тухайн үеийн ханшаар 20 тэрбум төгрөгийн зээл авсан. Энэ зээл 2020 оны найман сард хугацаа нь дууссан. Би дараа нь 2014 онд 13.1 сая еврогийн зээлийг Хөгжлийн банкаар дамжуулан Германы банкнаас авсан. Дараа нь 2015 онд 9 сая ам.долларын зээлийг Хөгжлийн банкнаас авсан. Энэ нь Засгийн газрын тогтоолоор олгогдсон. Энэ зээлийн хугацаа 2022 оны аравдугаар сард дуусна.

Ингээд нийт Хөгжлийн банкнаас гурван удаа зээл авсан. Ингэж байж гэр хорооллыг орон сууцжуулах төслийг хэрэгжүүлсэн. Улмаар байшин угсрах комбинат дахь үйлдвэр ашиглалтад орсныг Засгийн газраас сайшаасан. Үйлдвэрийн хувьд ганц байшин барьдаггүй сургууль, цэцэрлэгтэй нь барьдаг. Манай зээл, үйл ажиллагаа бүх шалгалтаар ороод батлагдчихсан. Асуудал байхгүй. Найдваргүй зээлдэгч биш.  Эрэл компанийн 300 тэрбум төгрөгийн тухай ярьж байна. Би ийм мөнгө хаанаас гаргаж ирэх вэ. Тогтолцооны хямралд орсон байна. Хэнийг ч сольсон нөхцөл байдал сайжрахгүй байна. Миний хувьд юм болгон дээр гарч ирж яриад байдаггүй" гэдгээ онцоллоо.