Энэ сарын 26-ны өдөр Украин улсын Львов хотод зохион байгуулагдах Олон улсын тэмцээнд оролцохоор манай улсын хоёр тамирчин тус улсыг зориод байсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Жюү жицүгийн тамирчин Э.Чойням, Б.Хулан өнөө өглөө Украины хилээр гарч, өдгөө Польш руу нэвтрэхээр автобусаа хүлээж байгаа аж. Тамирчидтай холбогдож нөхцөл байдал ямар байгаа талаар болон Польш руу нэвтэрч чадсан эсэхийг тодрууллаа. Тамирчид "Бид яг одоо Польш руу нэвтрэхээр автобусаа хүлээгээд сууж байна. Урд шөнө Украины хилээр гарах гэж байхад бүх автомашинуудыг зогсоогоод нэг бүрчлэн шалгаж байсан. Ингээд дүрвэж байгаа 18-60 насны Украин хүмүүсийг бүгдийг нь буцааж байна лээ. Бидний хувьд Украин улсын Львов хотод суралцаж байсан Монгол оюутнаа хамт аваад явж байгаа" гэх мэдээллийг өглөө. Тамирчид болон оюутанг Польш руу бүрэн нэвтэрсний дараа бид дэлгэрэнгүй мэдээлэл авч эргэн мэдээлэх болно.