ШУУРХАЙ: Тэмцээнд оролцохоор Украинд очоод байсан Монголын тамирчид өнөө өглөө тус улсын хилээр гарч, Польшид очиж чаджээ

ШУУРХАЙ: Тэмцээнд оролцохоор Украинд очоод байсан Монголын тамирчид өнөө өглөө тус улсын хилээр гарч, Польшид очиж чаджээ

Донбасст цэргийн тусгай ажиллагаа явуулах шийдвэрийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр /2022.02.24/ гаргасны улмаас Украин улс дайны байдалд шилжээд байна. 

Тэгвэл энэ сарын 26-ны өдөр Украин улсын Львов  хотод зохион байгуулагдах Олон улсын тэмцээнд оролцохоор манай улсын хоёр тамирчин тус улсыг зориод байжээ. Тодруулбал, Жюү жицүгийн ягаан бүстэй Б.Хулан, Жюү жицүгийн хөх бүстэй Э.Чойням нар тэмцээнд оролцохоор Украин улсад очоод байсан аж. 

Харин өчигдөр /2022.02.24/ эхэлсэн дайны нөхцөл байдлаас шалтгаалан дээрх олон улсын тэмцээн хойшилсон бөгөөд манай улсын хоёр тамирчин өнөө өглөө  /2022.02.25/ Украйны хилээс гарч чадсан байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар "Дээрх тэмцээнд манай улсын гурван тамирчин оролцохоор Монголоос ниссэн ч нэг тамирчин нь Туркаас буцаж, монголдоо ирсэн байжээ. Харин Украинд очоод өнөө өглөө тус улсын хилээр гарч чадсан хоёр тамирчин өдгөө Польшийн хил дээр байгаа бөгөөд Туркээр дамжин Монгол руугаа буцахаар төлөвлөж байгаа аж.  Тамирчдыг хэрхэн эх орондоо авч ирэх талаар ямар арга хэмжээ авч байгаа талаар Жюү жицүгийн холбооноос тодруулахад "Бид хоёр тамирчинтайгаа байнга холбоотой байгаа. Өнөө өглөө Уркаины хилээс гарч Польшийн хил дээр ирсэн. Гадаад харилцааны яам, Польш улсад суугаа ЭСЯ-аар дамжуулж явж байгаа. Тамирчид Украинд сурдаг нэг монгол оюутантай цуг явж байна гэсэн" гэх хариултыг өглөө.