Сэтгүүл зүйн ёс зүйн форум болж өндөрлөлөө

Сэтгүүл зүйн ёс зүйн форум болж өндөрлөлөө

“Сэтгүүл зүйн ёс зүйн форум” дөрөв дэх удаагаа болж өндөрлөлөө. Хэвлэл Мэдээллийн Зөвлөлөөс зохион байгуулсан тус форум “Ковид-19: Мэдэх эрх, сэтгүүлчийн ёс зүй” сэдвийн хүрээнд явагдсан юм.

Хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн төлөөллүүд “Цар тахлын үеийн хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчийн ёс зүй”, “Ковид-19: Сэтгүүл зүйн үүрэг, ёс зүй, хамтын ажиллагаа”, “Цар тахлын үеийн мэдэх эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдвээр илтгэл тавилаа.

Мөн ХМЗ-ийн удирдах зөвлөлийн дарга У.Тамир, Дойче Велле Академийн Монгол Улсыг хариуцсан төслийн менежер П.Бэннинг, МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш Д.Идэржаргал, “Монголын Эмнести Интернэшнл” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Алтантуяа нар илтгэл тавилаа.

Тус илтгэл дижитал хувьсал боломж олгож байгаа ч хуурамч мэдээлэл тархах сөрөг дагаврыг дагуулж байна, цар тахлын үеэр төрийн бодлого зохист хэмжээнээс хэтэрсэн, цар тахлын үеэр сэтгүүлч мэргэжил ямархуу далайцтай болох талаар, энэхүү хямралын үеийн туршлага бидний хандлагад өөрчлөлт авчирсан, цар тахлын үеэр тэнцвэртэй мэдээлэл хүргэхэд хүндрэлтэй байсан, хэвлэл мэдээлэл хямралын үед хязгаарлаж болдог тансаг хэрэглээ биш зэрэг асуудлыг онцолсон юм.

Сэтгүүл зүйн ёс зүйн форум нь Хэвлэл Мэдээллийн Зөвлөлөөс ХБНГУ-ын Фридрих Эбертийн Сангийн дэмжлэгтэйгээр  2017 оноос хойш зохион байгуулж байна.

Э.Мишээл