Иргэдийн итгэл үнэмшлийг ашиглан залилах төрлийн гэмт хэрэг манай улсад сүүлийн үеүдэд ихээхэн нэмэгдэх болсон билээ.
Залилангийн төрлийн гэмт хэргийг үйлдэж буй этгээдүүдийн хамгийн том нийтлэг шинж чанар бол цахим сүлжээгээр дамжуулж иргэдийн итгэл үнэмшлийг олж авах арга бөгөөд Монгол Улсын иргэн Г гэх эмэгтэй нь 95 иргэнийг “БНСУ-руу ажилд зуучилна” хэмээн залилсан хэрэг гарчээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс иргэн Г нарт холбогдох залилангийн хэргийг шалгаж байгаа бөгөөд тэрбээр “БНСУ руу 3 жилийн хугацаатай гэрээгээр гаргаж, ажилд зуучилна” гэх зар гаргаж нийт нэр бүхий 95 иргэнээс нэг бүр 4-7,5 сая төгрөгийг авч залилсан хэргийг мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж шалгаж байгаа аж.
Түүнчлэн тус хэрэгт манай улсад суугаа БНСУ-ын элчин сайдын зарим яамны ажилтнууд оролцож хамтарсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа ажээ.
-БНСУ-ААС МАНАЙ УЛСАД СУУГАА ЭСЯ-НЫ АЖИЛТНУУД ХУВИЙН ХҮСЭЛТЭЭР ОЛОН ТООНЫ ВИЗ ГАРГАЖ БАЙСНЫГ ТУС УЛСЫН САЙТ ОНЦОЛЖ БАЙВ-
Өнгөрөгч оны аравдугаар сард мөн тус улсын Chosun агентлагт мэдээлснээр БНСУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны ажилтнууд хувийн хүсэлт бүхий олон тооны виз гаргасан талаар онцолсон байсныг бид орчуулан хүргэж байсан. Тус үйлдлээс харвал энэ мэт хэрэг нь дахин гарч иргэдийг хохироож байгаа нь дипломат төлөөлөгчийн газруудад өргөн хүрээний аудит, судалгаа дутмаг байгаагаа илэрхийлж буй том жишээ. Иймд холбогдох МУ-ын Гадаад харилцааны яам болон Хууль зүйн яам зэрэг анхааралдаа авах нь зүйтэй. Дээрх хэрэг нь БНСУ-д ажиллаж, амьдрах хүсэлтэй иргэдийн сонирхол дээр тулгуурлаж гарч байгаа бөгөөд аливаа визний зөвшөөрлийг ямар нэг хувь хүн болоод аж ахуйн нэгж гаргадаггүй болохыг анхааруулах үүднээс тус мэдээллийг нийтлэв.