Х.Нямбаатар сайд Прокурорын зөвшөөрөлгүй хэрэг “ЯРЬЖ”, үр дүнгийн нууцлалыг задруулж хууль ЗӨРЧИВ ҮҮ

Х.Нямбаатар сайд Прокурорын зөвшөөрөлгүй хэрэг “ЯРЬЖ”, үр дүнгийн нууцлалыг задруулж хууль ЗӨРЧИВ ҮҮ

“Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажиллагаанд Хууль зүйн сайд оролцох эрхгүй, харин энэ асуудлыг прокурор хариуцдаг” гэж албаны хүмүүс онцолдог. Учир нь тэд энэ үгээрээ “Нийгмийн хэм хэмжээ алдагдах ёсгүй” гэдгийг сануулж байж магадгүй юм.

Тэгвэл өчигдөр /2022.02.23/ Хууль зүй, Дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “шүүхээр эцэслэн шийдэгдээгүй, прокурорын шатанд шалгагдаж байгаа” хэргийн талаар ярьж хууль зөрчиж байж болзошгүй үйлдэл гаргалаа.

Х.Нямбаатарын мэдээлэл;

-ПРОКУРОРЫН ШАТАНД ШАЛГАГДАЖ БУЙ ХЭРГИЙН ТАЛААР ЯРИВ-

Тодруулбал, тэрбээр “2021 онд энэхүү хэрэг нь үйлдэгдсэн. Одоо прокурорын байгууллагад хянагдаж, шүүх рүү шилжих шатандаа явж байна. Гадаадын хөрөнгө оруулагч, концесс эзэмшигч иргэнийг Улаанбаатар хотын төвөөс машинд нь хоёр хүн сууж Улаанбаатар хотын зах руу аваачсан. Ингээд эрх чөлөөнд нь халдаж, зодож улмаар “Концесс эзэмших эрхээсээ татгалз” гэж гарын үсэг зуруулсан байдаг. Гарын үсэг зуруулсан бичгээ Төрийн ордны шуудангаар дамжуулан концесстой холбоотой байгууллага руу явуулсан. Энэ хэрэг шалгагдаж байна. Замын концесс эзэмшигч компанийг концессын эрхээсээ татгалзах шаардсан. Үүнд бас гадаадын хөрөнгө оруулагч иргэд давхар холбогдон шалгагдаж байгаа. Би үүнийг “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа дурдсан” гэх мэдээллийг өгсөн юм.

Х.Нямбаатар сайд Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэрээ ийнхүү гэмт хэргийн талаар хээв нэг яриад зогсох нь “прокурорын шатанд шалгагдаж байгаа” хэргийн талаарх мэдээллийг хэн нэгэн албан тушаалтан түүнд ярьж “нууц задруулав уу” гэх хардлагыг төрүүлж байгаа юм. Үнэндээ дээрх үйл явдлын талаар сэтгүүлч асуусан ч түүнд хариулахгүй байх боломж, татгалзах эрх нь хангалттай байв. Гэсэн ч Х.Нямбаатар сайд тэгсэнгүй.

-МӨРДӨН БАЙЦААЛТЫН МАТЕРИАЛЫГ ЗӨВХӨН ПРОКУРОРЫН ЗӨВШӨӨРСӨН ХЭМЖЭЭНД МЭДЭЭЛЖ БОЛНО-

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль / ЭХХШТХ/-ийн 29.3.1-д “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллага, албан тушаалтан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын төлөвлөлт, явц, үр дүнгийн нууцлалыг хангаж ажиллана” гэж заажээ. Харин Х.Нямбаатар сайд мөрдөн байцаалтын “үр дүнгийн нууц” байж болзошгүй зүйлийг ярьсан юм. Тодруулбал, тэрээр “концесс эзэмшигч компанийг концессын эрхээсээ татгалзах шаардсан …” зэргийг өгүүлсэн. Хуулийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Мөн Х.Нямбаатар сайдад мөрдөн байцаалтын ажиллагаанд оролцох эрхгүй байхгүй.

Иймд хуулийн байгууллагын хэн нэгэн албан тушаалтан “түүний ярьсан хэргийн талаар түүнд мэдээлэл өгч ЭХХШТХ-ийг ноцтой зөрчсөн юм биш биз” гэх хардлагыг ч төрүүлж байгаа юм. Учир нь тус хуулийн 29.3.2-д “Мөрдөгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад олж мэдсэн төр, байгууллага, хувь хүний нууцыг задруулахгүй байж, холбогдох баримт бичгийг хамгаалах арга хэмжээ авна” гэж заажээ.

Эцэст нь хэлэхэд, Х.Нямбаатар сайдын ярьсан “хэргийн хэмжээг прокурорын байгууллага зөвшөөрсөн үү” гэсэн асуулт гарна. Тодруулбал, ЭХХШТХ-ийн 29.3.5-д “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын материалыг прокурорын зөвшөөрснөөр, прокурорын мэдэгдэх бололцоотой гэж үзсэн хэмжээгээр нийтэд мэдэгдэж болно” гэж заажээ. Улмаар прокурор түүний ярьсан хэрэгт “зөвшөөрөл өгөөгүй” бол, Х.Нямбаатар сайд эсвэл түүнд хэргийн талаар мэдээлэл өгсөн албан тушаалтан хууль зөрчсөн байж магадгүй байгаа юм.

-ПРОКУРОРЫН ЗӨВШӨӨРӨЛГҮЙ МӨРДӨН БАЙЦААХ АЖИЛЛАГААГ НИЙТЭД ЗАДРУУЛСАН БОЛ ЯЛ ШИЙТГҮҮЛНЭ-

Тэгвэл мөрдөн байцаалтын талаар прокурорын зөвшөөрөлгүй нийтэд мэдээлсэн бол Эрүүгийн хуулиар ял шийтгэл оногдуулах хуулийн зохицуулалттай. Тодруулбал,Эрүүгийн хуулийн 21.9.1-д “Мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг олж мэдсэн хүн, мөрдөн шалгах ажиллагааны талаар албаны үүргийн дагуу олж мэдсэн алба хаагч, ажилтан прокурорын зөвшөөрөлгүйгээр мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг олон нийтэд задруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заажээ. Иймд бид Х.Нямбаатар сайдын ярьсан хэрэг “прокурорын зөвшөөрөлтэй байсан уу” гэдгийг албаны эх сурвалжаас тодруулж, эргэн мэдээлэх болно. Хуулийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 




Өнөөдөр нохой өдөр

1 цагийн өмнө

Өнөөдөр тахиа өдөр

1 хоногийн өмнө