Хөгжлийн банктай холбоотой нэр бүхий хүмүүсийг цагдан хорих саналыг прокурорын байгууллагаас гаргаж, шүүхээс зарим хүмүүсийг цагдан хорих ши шийдвэр гаргаад байгаа билээ. Тэгвэл өнөөдөр Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат болон дээрх банкны зээлдэгч "Алтай констракшн"-ы захирал Х.Бат-Эрдэнэ нарыг цагдан хорих шүүх хурал болж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргасан байна. Тодруулбал,
- Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Н.Мөнхбатад “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” саналыг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцээд яллагдагч Н.Мөнхбатыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий мэдээлэл байгаа” үндэслэлээр 2022 оны 02 сарын 23-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг /албан тушаалын байдлаа урвуулан ашигласан/, 18.6 дугаар зүйлийн /мөнгө угаах/ 2.2 дахь хэсэгт /байнга, тогтвортой үйлдэж/ заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүх хэрэгт цугларсан баримтуудыг судалж үзээд прокурорын санал үндэслэлтэй байх тул яллагдагч Х.Бат-Эрдэнийг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.