МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан одоогоос гурван жилийн өмнө буюу 2016 оны наймдугаар сарын 29-ны өдөр тухайн үеийн Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатад нэгэн албан бичиг хүргүүлж байжээ. Энэхүү албан бичиг нь саяхны өдөр ил болж олон нийтийн дургүйцлийг хүргээд байна.
Олон нийт дургүйцсэний учир нь Д.Амарбаясгалан нь тус бичигтээ “МАН-аас Хэнтий аймагт нэр дэвшигчид буюу Б.Бат-Эрдэнэ, О.Оюун-Эрдэнэ, Д.Гантулга нарын УИХ-ын сонгуулийн сурталчилгааны ажлыг амжилттой зохион байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн МАН-ын гишүүн Нямаа овогтой Энхбаатарыг “МИАТ” хувьцаат компанийн дэд захирлаар томилуулан ажиллуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсч байна. МАН-ын дарга болон Удирдах зөвлөл бүрэн дэмжиж байгааг үүгээр уламжилж байна” хэмээн бичжээ.
Утгыг харвал МАН-ын сонгуулийн сурталчилгаанд ажиллаад л МИАТ гэх нэр хүнд, хариуцлага өндөр албан байгууллагын дэд даргаар томилогдож болох нь. Гэтэл сургуулийг нь дүүргэсэн, гадаад дотоодод мэргэжил дээшлүүлсэн, чадварлаг боловсон хүчингүүд нам дагаагүй гэх шалтгаанаар хоцрогдсоор байгаа билээ.
Д.Амарбаясгалангийн хүргүүлсэн дээрх албан бичигт дурдсан гол эзэн болох Н.Энхбаатар нь энэхүү бичгийг хүргүүлснээс хойш тун удалгүй буюу 2016 оны 11 дүгээр сард МИАТ-ын дэд захирлаар томилогдсон байдаг.
Харин МИАТ-ын захирлаар томилогдсоноос хоёр жилийн дараа буюу 2018 оны долдугаар сард бусдаас 600 сая долларын авлигал авсан гэх хэрэгт буруутгагдан саатуулагдсан.
Түүнийг АТГ-аас саатуулж тодорхой хугацаанд шалгасан учраас тэрбээр нэг жилийн хугацаанд ажлаа хийгээгүй. Харин саяхнаас түүнийг удахгүй ажилдаа эргэн томилогдохоор бэлтгэж байгаа гэж эх сурвалжууд өгч байна.
Н.Энхбаатар нь МИАТ-ын дэд захирлаар томилогдохоос өмнө У.Хүрэлсүхийн туслахаар ажиллаж байсан юм.
Энэ бүхнээс дүгнэхэд МАН-д зүтгээд МИАТ-ын дэд захирлаар томилогдож болох нь гэх ойлголт төрж байна.