Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар 2019 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдөр татан буугдсан Капитал банкнаас битүүмжлэгдсэн 118 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хувь тэнцүүлж, Нийгмийн даатгал болон ЭМД-ын санд шилжүүлэхээр болсон талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.
Энэ үеэр тэрбээр “Эхний ээлжинд битүүмжлэгдсэн эд хөрөнгийн элэгдэл хорогдол бага явагдаж байгаа дээр нь шилжүүлэх ажлууд хийгдэнэ. Өмнө нь бид мөн энэ чиглэлээр тодорхой ажлуудыг хийж байсан. Хэдий чинээ удааширна тухайн үнэлгээ, үнэ цэнэ буурах тохиолдлууд байдаг. Тухайлбал, 2006 онд Хадгаламж зээлийн хоршооны хэрэг шүүхээр шийдэгдсэнийг та бүхэн мэдэж байгаа. Өнөөдөр 20 гаруй тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө манай Хууль зүй дотоод хэргийн яамны балансад бүртгэлтэй байна. Харамсалтай нь тэдгээр нь өнөөгийн зах зээлийн үнэд хүрдэггүй. Тухайн цаг хугацаанд нь худалдан борлуулсан бол тодорхой хэмжээнд үнэ цэнээ олж авахуйц зүйлүүд байсан. Тухайлбал, “Пентиум-2” гэдэг комьпютерийг өнөөдөр хэрэглэхээ больсон. Тавилга эд хогшлуудыг тухайн үед зарж борлуулсан бол үнэ цэнэ хүрэхээр байсан. Энэ алдааг давтахгүйн тулд Засгийн газраас хугацаатай даалгавар өгч өр төлбөрийг шилжүүлэх ажлыг яаралтай зохион байгуул, шилжүүлж авсан эд хөрөнгөө цаг алдалгүй зарж борлуул гэдэг үүрэг чиглэлүүдийг өгсөн" гэв.