Өнөөдөр /2022.02.22/ Д.Монголхүү нарын залуус МоАХ-ны Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай уулзахаар Ардчиллын ордонд очсон ч хөөгдөж гарав. Тэрбээр өнгөрсөн баасан гарагт /2022.02.18/-т Монголын Ардчилсан холбоо /МоАХ/-ны Онц их 5 дугаар их хурлыг хийж, “МоАХ-ны ерөнхий зөвлөлийн 21 гишүүнийг баталж, ирэх зургадугаар сараас өмнө тус холбооны Их хурлыг хийнэ” гэж шийдвэрлэсэн байдаг.
Энэ дагуу МоАХ-ны Их хурлыг ирэх гуравдугаар сарын 07-ны /2022.03.07/-ны өдөр хийхээр төлөвлөсөн байдаг.
Д.Монголхүү нь өнөөдөр Ардчиллын ордны байранд ирж Их хурлыг хийх талаар дуулгахад зарим гишүүд эсэргүүцсэн юм. Тодруулбал, МоАХ-ны Хяналтын хорооны дарга Д.Пүрэвбаатар "Д.Монголхүү нь МоАХ-ны гишүүн биш. Тийм учраас Их хурлыг зарлах эрхгүй. МоАХ-ны дүрмийг зөрчиж байна. С.Эрдэнэ тэргүүтэй хүмүүсийн захиалгаар МоАХ гэх дүрэм, журамтай байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлж буй учраас шалгуулахаар бид цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Тиймээс 5 дугаар Их хурлыг хийх саналыг хүлээж авахгүй" гэлээ. Улмаар гишүүдийн хооронд маргаан үүсч, шийдэлд хүрээгүй бөгөөд Д.Монголхүү, А.Цэрэнбат нарыг хөөв.