Өнөөдөр Төрийн ордны баруун хаалганы дэргэд “Бид уучлахгүй хөдөлгөөн”-өөс УИХ-ын Ёс зүйн дэд хороонд шаардлага хүргүүлж, цуглаан зохион байгууллаа. Тодруулбал, үндэслэлгүй хөрөнгөжсөн гишүүдийг шалгахыг шаардаж УИХ-ын Ёс зүйн хорооны дарга Б.Бат-Эрдэнэтэй уулзав.
Энэ талаар “Бид уучлахгүй хөдөлгөөн”-ийхөн хэлэхдээ, "Жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны өдөр нийтийн албан тушаалтнууд ХОМ-ээ АТГ-т мэдүүлдэг. Хуулиараа бол гишүүдийн ХОМ-ийг шалгах эрх АТГ-т биш Ёс зүйн хороонд байдаг. Бид үндэслэлгүй хөрөнгөжсөн УИХ-ын гишүүдийг АТГ-т шалгуулах гэсэн боловч УИХ-ын Ёсзүйн дэд хороонд харьяалагдана гэсэн. Тиймээс бид 14 хоногийн өмнө хөрөнгө нь огцом өссөн ГУРВАН гишүүнийг шалгуулахаар Ёс зүйн хороонд өргөдөл өгсөн. Гэвч хариу ирүүлээгүй. Тиймээс бид хариугаа бичгээр авах саналтай байгаагаа илэрхийлж байна. Тиймээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гишүүдийг шалгах, ажлаа хийхийг шаардаж байна" хэмээлээ.
Ёсзүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ, “Би наадмын өмнөхөн энэ дэд хорооны дарга болсон. Төрийн албан тушаалтнууд ямар нэг томилгоонд оролцож болохгүй, төрөл төрөгсдөө ажил албан тушаалд томилж болохгүй гэж би гишүүний хувьд байр сууриа илэрхийлсээр ирсэн. Би Ёсзүйн дэд хорооны даргаар томилогдсоноос хойш байнга нэг шаардлага тавьж байгаа. Ёсзүйн дэд хорооны 9 гишүүн хуралдааны дэг, ёс зүйг дээд зэргээр сахих ёстой. УИХ-ын чуулганд огт ирдэггүй Б.Наранхүү гишүүн Ёсзүйн дэд хорооны бүрэлдэхүүнд байгааг сольж өгөхийг УИХ дахь АН-ын зөвлөлд тавьж байгаа. Та бүхний тавьсан зөв шаардлагыг бид хүлээж авч байна.