“Дүнжингарав” ХХК түрээслэгчидтэйгээ боолын гэрээ байгуулж, дуртай үедээ үнээ нэмдэг

“Дүнжингарав” ХХК түрээслэгчидтэйгээ боолын гэрээ байгуулж, дуртай үедээ үнээ нэмдэг

Дүнжингарав худалдааны төвийн түрээслэгчдийн холбооноос Түрээсийн төлбөр нэмэгдсэнтэй холбоотойгоор ТУЗ-ийн гишүүд болон Хотын захиргаанд хандаж мэдээлэл хийлээ.

Тус захын нэг ам.метр талбайг 82500 төгрөгөөр түрээсэлж байсан бол 167-200 мянган төгрөг болгож нэмэгдүүлэхээр болсон учир түрээслэгчид эсэргүүцлээ илэрхийлж буй юм.

Түрээслэгчид хэлэхдээ, “Дүнжингарав” худалдааны төвийн түрээсийн төлбөрийг 110-142 хувиар нэмлээ. Энэхүү нэмэгдлийг далимдуулан "Нарантуул" болон бусад худалдааны төвүүд түрээсийн төлбөрөө 30-40 хувь нэмэх боломж бүрдэнэ. “Дүнжингарав”-ын гэрээ нь яг үнэндээ боолын гэрээ байдаг. Энэ гэрээнд түрээслэгчийн эрх ашгийг хамгаалсан зүйл огт байдаггүй. Дуртай үедээ үнээ нэмдэг, дуртай үедээ түрээслэгчээ хөөж явуулдаг хэт нэг талыг барьсан гэрээ байдаг” хэмээн мэдэгдлээ.

Түрээслэгч Ч.Сүхбат хэлэхдээ, “Би “Дүнжингарав” худалдааны төвийн анхны түрээслэгчдийн нэг. Бид түрээсийн үнийг огцом нэмсэнтэй холбоотойгоор хотын захиргаанд гомдол гаргах явцад түрээсийн үнийг 1,4-1,7 сая төгрөг болгон нэмж байна гэдэг мэдэгдэл ирсэн. Түүгээр ч зогсохгүй та нарын түрээсэлж буй талбайг худалдан авах саналаа гурав дахь этгээдээс ирүүлсэн тул та нар худалдан авах эсэх тухайгаа мэдэгдэнэ үү гэсэн бичиг ирсэн. Бидний эрх ашиг ноцтойгоор зөрчигдөж байна” хэмээлээ.