Улсад их хэмжээний хохирол учруулсан Ш.Батхүүд холбогдох хэргийн ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ хугацаа дуусчээ

Улсад их хэмжээний хохирол учруулсан Ш.Батхүүд холбогдох хэргийн ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ хугацаа дуусчээ

Өмнөд Африкийн Стандарт банкинд “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаалан 170 сая ам.долларын зээл авсан Ш.Батхүүд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаныг хуульч Б.Энхбаяр мэдэгдлээ. Ш.Батхүү нь Стандарт банкинд төлөх өрөө төлж чадалгүй эцэст нь Эрдэнэт үйлдвэрээр төлүүлсэн байдаг. Түүний улсад учруулсан нийт хохирлын хэмжээ 100 гаруй тэрбум төгрөг юм. Хөөн хэлэлцэх хугацаагаар далимдуулан Ш.Батхүүг хариуцлагаас ийнхүү мултлахад Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн оролцоо бий гэж зарим хуульчид харддаг.

-ХӨӨН ХЭЛЭЛЦЭХТЭЙ ХОЛБООТОЙ ЗААЛТЫГ ЗАСАЛГҮЙ
НЭГ ЖИЛ ХАВ ДАРСНЫ УЧИР ЮУ ВЭ -

Тодруулбал, 2017 оны дөрөвдүгээр сарын 25 – ны өдрийн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шинэ эрүүгийн хуулийн “Хөөн хэлэлцэх хугацаа”-г гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөр дуусгавар болгох заалтыг оруулсан.

Жишээ нь: 2012 онд үйлдсэн гэмт хэргийг 2016 онд илрүүлээд 2018 онд шүүх хурал нь болоход хөөн хэлэлцэх 5 жилийн хугацаа өнгөрсөн байхаар өөрчилсөн гэсэн үг юм. 2017 онд Засгийн газраас өргөн барьсан шинэ Эрүүгийн хуулийн төсөлд “Хөөн хэлэлцэх хугацаа”-нд ямар нэг өөрчлөлт оруулаагүй өргөн барьсан байдаг.

Гэтэл хуулийг хэлэлцэх явцад УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурал дээр гэнэт Улсын дээд шүүхийн шүүгчээр “Хөөн хэлэлцэх хугацааг шүүхийн шийдвэр гартал болгон хойшлуулах” санал хэлүүлж, түүнийг нь гишүүдээр дэмжүүлсэн гэгдэж буй.

 Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс алдаа, зөрчилтэй батлагдсан “Эрүүгийн хууль”-ийг нэн яаралтай засаж залруулах саналаа Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид илгээсэн ч тэрээр “Хугацаа хожиж байгаа юу” гэлтэй Эрүүгийн хуулийн 10.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалтыг засаж сайжруулах саналаа Засгийн газар болоод холбогдох байнгын хороо, намын бүлэгтээ оруулж, хэлэлцүүлэхгүйгээр өгөхгүй байсаар сайхныг хүргэсэн.

Гэтэл Ш.Батхүүд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах дөхөнгүүт буюу өнгөрсөн долоо хоногт Хууль зүйн сайд Ц.Нямдорж тус хуулийн дээрх заалтыг засч, залруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа. Түүний энэ үйлдэл олон хардлагыг дагуулж байна. 

Олон нийтийн шүүмжлэлйг дагуулсан хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалтыг засах хуулийн төслийг одоогоос жилийн өмнө боловсруулж, өргөн барихад бэлэн болгосон тухайгаа дэд сайд асан Б.Энхбаяр хэлж байсан мөн зассан хувилбар нь Хууль зүйн яамны вэб сайтад ч нээлттэй бий.

Гэтэл Хууль зүйн сайд хөөн хэлэлцэх хугацааг өөрчлөх асуудлыг хав дарж байгаад сая гаргаж ирэв.