Дархан, Сэлэнгэ, Эрдэнэт гурван аймгийн залуучуудын холбоодоос Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын асуудлаар мэдээлэл хийлээ. Дархан чиглэл рүү зорчих түр замын нөхцөл байдал хүндрэлтэй байгаагаас гадна шинэ зам тавих ажлын санхүүжилт бүрэн эсэх, гэрээ хийгдсэн эсэх нь одоо хүртэл тодорхойгүй байна хэмээн мэдэгдлээ. Харин холбогдох албаныхан зам засварын ажил 30-40 хувьтай явагдаж байгаа гэдэг бодит бус мэдээлэл өгч байгаад бухимдаж байгаа юм.
Энэ талаар Дархан-Уул аймгийн залуучуудын холбооны тэргүүн Ж.Ганболд хэлэхдээ “Дархан чиглэлийн замд ямар хүндрэл бэрхшээл гарч байгааг цахим орчинд нийтэлж үзэл бодлоо илэрхийлэхэд иргэдийг уриалж байна. Иймд бид “Дарханы зам засвар, иргэдийн хяналт” гэх цахим хуудас ажиллуулан иргэдэд тулгарч буй хүндрэл бэрхшээл, зорчсон тэмдэглэлүүдийг хүлээн авч нийтэлнэ. Саяхан Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэрбум төгрөгөөр хийгдсэн барилгын макетын асуудлаар залуучуудыг загнаад “Зайлаарай” гэж хэлээд сууж байна лээ.
Дарханы замд энэ оны эхний хагаст 300 гаруй хүн амь нас эрсэдсэн, 200 гаруй гэмт хэрэг гарсан, эрүүгийн 57 гэмт хэрэг шалгагдаж байна. Ийм хүнд байдалтай байхад яагаад Ерөнхий сайд юу ч дуугарахгүй байгаа юм бэ. Өчнөөн хүн эрүүл мэнд, эд хөрөнгө, амь насаараа хохироод байхад Ерөнхий сайд ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгаланг яагаад зайлаарай гэж хэлэхгүй байгаа юм бэ. Өнөөдөр хүртэл хуулаагүй замыг ирэх 11 дүгээр сард ашиглалтад оруулна гэж Зам тээврийн сайд нь ярьж байна” гэлээ.
Орхон аймгийн залуучуудын холбооны дарга Ж.Энхзориг хэлэхдээ, “ЗТЯ, ХЗДХ, ЭМЯ хамтарч 2018 онд Зам тээврийг ослын цагаан ном гаргажээ. Энэ номондоо авто тээврийн ослын 97.7 хувь нь жолоочийн буруугаас, 2.1 хувь нь явган зорчигчоос, 0.2 хувь нь замын чанараас шалтгаалж байна гэж дүгнэжээ. Иргэд замын энхэл донхлыг тойрч байгаад осолд ордог. Энэ дүгнэлтийг иргэд эсэргүүцэж байна” гэлээ.
Мөн Дархан, Сэлэнгэ, Эрдэнэт гурван аймгийн залуучууд “Аравдугаар сарын 15-нд Дарханы замын өнөөгийн нөхцөл байдал, хүндрэл бэрхшээлийн асуудлаар Сүхбаатарын талбайд фото зургийн үзэсгэлэн гаргана” хэмээн мэдэгдлээ.