УЛС ТӨРИЙН БАРОМЕТР
Mongolian Poll мэдээлэл судалгааны төвөөс улс орны нийгэм, эдийн засаг, улс төрд энэ оны нэгдүгээр сараас хойш өрнөж буй үйл явдлуудад иргэд хэрхэн хандаж байгааг тодруулах зорилгоор хийсэн “Улс төрийн барометр-XIV” судалгааны үр дүнгээс энэ удаа зөвхөн улс төрийн сэдвээр хийсэн санал асуулгын үр дүнг олон нийтэд нээлттэй толилуулж байна.
Энэхүү судалгаанд Улаанбаатар хотын зургаан дүүрэг, Увс, Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангай, Сэлэнгэ, Дорнод аймгийн нийт 1200 иргэнийг сүүлийн дөрвөн жил хамруулж байгаа бөгөөд энэ удаагийн судалгааны анхдагч мэдээллийг 2019 оны есдүгээр сарын 19-21-ны өдрүүдэд цуглуулсан болно. Тус судалгаанд телефон утасны аргыг ашиглаж анхдагч мэдээлэл цуглуулсан бөгөөд цаашид буцаалттай түүврийн аргаар улирал бүр судалгаанд оролцсон иргэдээ солихгүйгээр “Улс төрийн барометр”-ийн тайланг гаргасаар байх юм. Судалгааны түүврийн хэмжээ ±3.0%-ийн алдааны хязгаар дотор эх олонлогийн тодорхой шинж тэмдгийг 99.4 хувийн итгэх магадлалтайгаар төлөөлөх чадвартай байна.
Статистик тооцоололд дараах томьёог ашиглав:
Мэдээлэл, судалгааны төвийн захирал Р.Цэдэнсодном
НИЙГЭМ, УЛС ТӨРИЙН ҮЙЛ ЯВДАЛД ИРГЭДИЙН
БАЙР СУУРЬ
Судалгаанд хамрагдсан иргэдийн 82.6 хувь нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх мэдээлэл “хангалттай биш байна” гэж хариулжээ.
Судалгаанд хамрагдсан иргэдийн 71.2 хувь нь МАН-аас сонгогдсон гишүүд УИХ-д хэт олонх байгаа энэ үед Үндсэн хуулийг өөрчлөх нь буруу гэж үзэж байна.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд “Ерөнхийлөгчийг нэг удаа 6 жилийн хугацаатай сонгодог” болох өөрчлөлтийг иргэдийн 72 хувь нь дэмжихгүй гэжээ. Харин иргэдийн 20 гаруй хувь нь энэхүү асуудалд хариулж мэдэхгүй байна.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд орсон “Ерөнхий сайд танхимын сайд нараа томилдог” болох санал унаж, УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар Засгийн газрын гишүүдийг томилдог байх санал дэмжигдсэн. Тэгвэл иргэдийн 38.1 хувь нь УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар Засгийн газрын гишүүдийг томилдог байх нь буруу гэсэн бол 42.8 хувь нь тус асуудалд хариулж мэдэхгүй гэжээ.
Харин УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албан тушаал давхар хашдаг байх нь буруу гэж иргэдийн 83.2 хувь нь үзсэн байна.
Ерөнхийлөгч Х.Баттулгын ард нийтийн санал асуулгад Ерөнхийлөгч, Парламентын засаглалын тухай асуулт оруулна гэсэн санал гаргасан. Тэгвэл судалгаанд хамрагдсан нийт иргэдийн 56.3 хувь нь засаглалын тухай асуух нь буруу гэжээ. Харин Улаанбаатар хотын иргэдийн дунд буруу гэх хандлага /62.5 хувь/ давамгайлж байгаа бол, хөдөө орон нутгийн иргэдийн ихэнх нь буюу 34.6 хувь нь тус асуудалд ямар нэг байр суурь илэрхийлж мэдэхгүй гэжээ.
Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас хувьдаа зээл авсан УИХ-ын гишүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэж, дахин нэр дэвшүүлэхгүй байх нь зөв гэж иргэдийн 93.5 хувь нь үзсэн байна.
Төрийн албыг 60 тэрбумаар наймаалж Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах гэсэн гэх үндэслэлээр холбогдох хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэх нь зөв гэж судалгаанд хамрагдсан иргэдийн 91.3 хувь нь үзсэн байна.
Сүүлийн өдрүүдэд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд “УИХ дарах нь зөв” гэж гарын үсэг зурж байна гэсэн мэдээлэл гарах болсон. Тэгвэл энэхүү асуудалд иргэдийн 52.1 хувь УИХ дахь МАН-ын гишүүд алдаа дутагдлаа хүлээж огцорч байгаа бол зөв гэсэн бол иргэдийн 44.8 хувь нь Сонгуулийг яаралтай хийж, УИХ-д дахин сонгогдохоор тарж байгаа бол буруу гэсэн байр суурийг илэрхийлж байна.
УЛС ТӨРИЙН БАРОМЕТР
Судалгаанд хамрагдсан иргэдийн 10.4-34.5 хувь нь валютын ханшны өсөлт, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, орлогын хүрэлцээгүй байдал нь өнөөдөр сэтгэл хамгийн их зовоож байгаа асуудал болоод байна гэжээ. Харин энэ оны тавдугаар сард явагдсан “Улс төрийн барометр” судалгаанд нийт иргэдийн 57.4 хувь нь “Дээрх гурван асуудал” хамгийн их сэтгэл зовоосон асуудал болоод байна гэж байсан бол энэ удаагийн судалгаанд иргэдийн энэхүү хариултын нийлбэр 67.5 хувь болж өсжээ.
Судалгаанд хамрагдсан иргэдийн ихэнх нь буюу 51.1 хувь өнөөдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал “улам доройтож байна” гэжээ. Үүнээс Улаанбаатар хотын иргэдийн дунд /54.0 хувь/ энэхүү хандлага өндөр байгаа бол хөдөө орон нутагт амьдарч байгаа иргэдийн 32.6 хувь нь “Өөдлөх уруудахын алинд ч хүргэж болох эгзэгтэй байдалд байна” гэжээ.
Ерөнхийлөгч Х.Баттулгын үйл ажиллагаанд иргэдийн өгөх үнэлгээ буурч байна. Тухайлбал, энэ оны тавдугаар сарын судалгаанд иргэдийн 37.8 хувь Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг “Сайн” гэж үнэлж байсан бол энэ удаа тус үнэлгээ 13.9 хувь болж буурчээ. Харин үйл ажиллагаа нь “Дунд” гэж үнэлэх иргэд 46.7 хувь болж өссөн байна.
УИХ-ын үйл ажиллагаа иргэдийн дунд муу үнэлгээтэй байна. Тухайлбал, энэ оны тавдугаар сард судалгаанд хамрагдсан иргэдийн 80 гаруй хувь нь муу, маш муу гэж үнэлж байсан бол энэ сард судалгаанд хамрагдсан иргэдийн 83.4 хувь нь УИХ-ын үйл ажиллагааг муу, маш муу гэж үнэлсэн байна.
Иргэдийн ихэнх нь Засгийн газрын үйл ажиллагааг муу, маш муу гэж үнэлж байна.
Судалгааны дүнгээс үзвэл АН, МАН, МАХН иргэдийн дунд бусад намаас харьцангуй өндөр рейтингтэй байна. Улс төрийн намуудын рейтинг дээр жигнэгдсэн дундаж үзүүлэлтийг бодсоноор судалгааны түүвэр болон түүврийн найдварт байдал, төлөөлөх чадвар дээр гарсан алдааны өөрчлөлтийг засаж бодит рейтингийг гаргадаг. Жигнэгдсэн дундаж үзүүлэлтийг дараах томьёоны дагуу боддог.
X – үзүүлэлтийн утга
n – объектын нийт тоо
m – Үзүүлэлтийн давтамж
Улс төрийн намуудын бодит рейтинг
АН – 18.9
МАН – 15.0
МАХН – 4.9