Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд 12 албан хаагчийг ажлаас чөлөөлж, гурван хүнийг тушаал бууруулжээ

Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд 12 албан хаагчийг ажлаас чөлөөлж, гурван хүнийг тушаал бууруулжээ

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд ажлын албаны албан хаагчдын дунд сонсох ажиллагаа явуулж, зарим нэгийг нь ажлаас чөлөөлж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. /Холбоотой мэдээллийг ЭНД  дарж уншина уу/

Тэгвэл Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд нь өчигдөр орой 12 албан хаагчаа үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байна. Мөн гурван хэлтсийн даргыг тушаал бууруулж, мэргэжилтэн болгохоор шийджээ.

Гэсэн ч дээрх хүмүүс Д.Ганболд даргын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир тус албанд нэлээд маргаан үүсээд байгаа аж.  

Дээрх хүмүүсийг бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлж байна уу эсвэл Д.Ганболд нь өөрийн хамаарал бүхий хүмүүсээр багаа бүрдүүлэхээр ийнхүү халаа сэлгээ хийж байна уу гэдгийг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны хэвлэлийн албаны мэргэжилтэнгээс тодруулах гэсэн боловч хэвлэлийн алба нь мөн "Ажлаас чөлөөлөгдсөн учир мэдээлэлгүй байна" гэв.

Харин энэ талаар Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболдоос тодруулахад "Бүтцийн өөрчлөлт хийж байгаа. Үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй" гэх хариултыг өглөө. Ямартай ч тэрбээр ажлаас чөлөөлж буй албан хаагчиддаа гурван сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно хэмээжээ.

Ташрамд өгүүлэхэд, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тус албанд томилогдож, тамгаа хүлээн авсан юм.