“Алтай таван богд” ууланд алга болсон АНУ-ын иргэн ОЛДООГҮЙ байна

“Алтай таван богд” ууланд алга болсон АНУ-ын иргэн ОЛДООГҮЙ байна

АНУ-ын харьяат 40 настай уулчин энэ сарын 18-ны өдөр Алтай Таванбогдод авиралт хийх явцдаа алга болсон талаар бид өмнө мэдээлсэн. Тэрбээр  есдүгээр сарын 20-ны өдөр буцаж ирэх байсан ч одоог хүртэл ор сураггүй байгаа юм.

Энэ талаарх мэдээллийг анх Баян-Өлгий аймагт үйл ажиллагаа явуулдаг “Алтай тоур” аялал жуулчлалын компанийн ажилтан есдүгээр сарын 21-ний 22:11 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдэгджээ. Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн есөн алба хаагч нэг автомашинтай Алтай Таванбогд уулыг зорьж, есдүгээр сарын 23-наас “Хоног толгой” гэх газраас “Вест кэмп” хүртэл 12 км газарт явганаар эрэн хайх ажиллагааг хийж байна.

Алтай Таванбогд уул руу “Алтай тоур” аялал жуулчлалын машинд аймгаас зургаан жуулчин сууж явсны нэг нь АНУ-ын уулчин П байжээ. Тухайн иргэний хувьд бусад таван жуулчнаас тусдаа явсан бөгөөд ганцаараа авиралт хийхээр явсан байна. Түүний араас бусад таван жуулчин нь очиход байхгүй байсан талаар тус аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. Түүнтэй хамт явсан таван жуулчин Алтай Таванбогдод авирах албан ёсны зөвшөөрөлтэй байжээ. Харин алга болсон жуулчин зөвшөөрөлгүй байсан аж.