Өнгөрсөн баасан гаригт Ерөнхийлөгч Х.Баттулга Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай УИХ-ын 73 дугаар тогтоолд хориг тавьсан. Ерөнхийлөгч тус хоригтоо "Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эх нь Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн зохих шаардлагыг хангаагүй, уг хуулийг илэрхий зөрчсөн байдалтай байна" гэсэн билээ.
Хоригийг 14 хоногийн хугацаанд холбогдох байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцэх хуультай. Энэ дагуу өнөөдөр МАН-ын бүлэг, АН-ын зөвлөлийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх байсан ч хуралдсангүй.