Сэлэнгэ аймгийн нутагт ойн хүрэн баавгай идэш тэжээл хайн уулнаас бууж ирэх тохиолдол гарсаар байгаа аж. Тодруулбал, тус аймгийн Хушаат, Хүдэр, Сант, Шаамар, Жавхлант сумдын нутагт найм, есдүгээр сард ойн хүрэн баавгай уулнаас бууж ирэн, малчин айлын хот руу орж, мал барих, айраг цагааг нь ууж идэх зэрэг тохиолдол удаа дараа гарчээ.
Иймд тус аймгийн Цагдаагийн газраас иргэддээ намрын улиралд самар, жимс түүх, байгалийн бусад баялгийг ашиглах, хадлан хадах, тариа хураах зорилгоор хөдөө, орон нутаг руу зорчихдоо анхаарал болгоомжтой байхыг анхааруулсан байна.