“Home Plaza”-г НУРААГААГҮЙ, харин ч орох, гарах гарцаа НЭМҮҮЛЖЭЭ

“Home Plaza”-г НУРААГААГҮЙ, харин ч орох, гарах гарцаа НЭМҮҮЛЖЭЭ

Замын цагдаагийн уулзварын 477 метрийн урттай, төмөр бетон гүүрийн үндсэн хөдөлгөөнийг есдүгээр сарын 16-нд нээсэн. Тус гүүр Улаанбаатарын замын түгжрэлийг 30 гаруй хувиар бууруулна гэсэн тооцоололтой байв. Гэтэл Дүнжингаравын зам, Баянмонгол хорооллын зам, урдаасаа Их тэнгэрийн зам, баруун талаасаа Махатма Гандийн гудамж буюу төв цэнгэлдэхийн араар явдаг зам гээд бүх чиглэлийн замууд “Home Plaza” гэдэг барилга дээр ирээд түгжрэл үүсгэдэг. Дөрвөн талаас нийлсэн уулзварын дунд баригдсан уг барилгыг нурааж “буулгах, буулгахгүй” гэх асуудал нийгэмд үүсээд буй.

Тэгвэл 2019 оны долдугаар сарын 17-ны өдөр “Home Plaza”-гийн газрыг чөлөөлөх тухай гэрээ эл асуултад хариулт өгөх юм байна. Эл гэрээгээр бол “Home Plaza”-г бүрэн чөлөөлөх бус тухайн барилгын зүүн талын газраас дотогшоо 2,7 метр хэсэгхэн гарзрыг л чөлөөлөхөөр болжээ. Улмаар одоо байгаа орох гарах гарцыг хэвээр үлдээж орох хэсэг дээр төв замаасаа карман гаргах, хойд замаас орох гарах гарцын зөвшөөрөл шинээр нэмж авчээ.

-“HOME PLAZA” БАРИЛГЫН ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ӨМНӨ НЬ ХОЁР Ч УДАА ХЭЛЭЛЦЭЭД ТОХИРОЛЦОЖ ЧАДААГҮЙ БАЙНА-

“Home Plaza” барилгын газар нь “Хаппи Март” ХХК-ийн эзэмшилд байдаг аж. Хан-Уул дүүргийн 15-дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гүүрний барилгын ажилд нөлөөлөлд өртсөн “Хаппи март” ХХК-ийн нэр дээр байгаа газар болон эд хөрөнгийг чөлөөлөх тухай өмнө нь хоёр ч удаа хэлэлцсэн тохиролцоонд хүрч чадаагүй байна.

Харин 2019 оны долдугаар сарын 17-ны өдөр гурав дахь удаагаа хэлэлцжээ. Тодруулбал, Замын цагдаагийн гүүрний барилгын ажлын  нөлөөлөлд өртсөн “Хаппи март” ХХК-ийн нэр дээр байгаа газрыг чөлөөлөх талаар “Home Plaza” -гийн хурлын өрөөнд уулзалт зохион байгуулжээ. Уулзалтад, Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, НАЗХГ замын хяналтын инженер Энхмандах, “Хаппи Март” ХХК-ийн Ерөнхий захирал М.Энх-Амгалан, “Сүмт Өргөө” ХХК-ийн захирал Лхагвадорж, “Хоум Плаза” ХХК-ийн гүйцтгэх захирал Ж.Ариунтамир, “One Event” ХХК-ийн гүйцтгэх захирал Ихбаяр нар оролцжээ.

Энэ үеэр НАЗХГ-ын дарга Ж.Тогтохбаяр “Home Plaza”-гийн газрын эд хөрөнгийг чөлөөлж нийслэлээс хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлыг дэмжихыг хүссэн байна.

Гэвч “Хаппи Март”-ийн захирал М.Энх-Амгалан “Нийслэлээс хийгдэж буй бүтээн байгуулалт болох шинэ гүүрний авто замын нөлөөлөлд манай газрын зөвхөн зүүн хэсэг өртсөн. Иймд манай зүгээс бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж зүүн талын газраас дотогшоо 2,7 метр буюу нийт 348,3м2 газрыг бүрэн чөлөөлж, тэр газрын тохижилтын ажлыг шинээр хийж өгөхийг хүсэж байна. Мөн одоо байгаа орох гарах гарцыг хэвээр үлдээж орох хэсэг дээр төв замаасаа карман гаргаж өгөх зөвшөөрөл хүсэж байна. Мөн шинэ зам өргөсгөж манай барилгын хойд хэсэг рүү орох гарахад хүндрэлтэй болж байгаа тул хойд замаас орох гарах гарцын зөвшөөрөл олгож өгөхийг хүсэж байна” гэжээ.  

Улмаар түүний эл хүсэлтийг хүлээн авч Хаппи март ХХК-ийн газрын зүүн талаас 2,7 мерт газрыг дотогшоо авч, тохижилтын эд хөрөнгийг шинээр тохижуулахаар мөн орох гарах гарцыг хэвээр үлдээж, шинээр хойд талд нэг гарц гаргахаар тохиролцоэ шийдвэрлэлээ” гэсэн байна.

Тус ххурралдааны дагуу тухайн өдөр Нийслэлийн Авто Замын Хөгжлийн Газрын дарга Ж.Тогтохбаяр нөгөө талаас “Хаппи март” ХХК-ийн Ерөнхий захирал М.Энх-Амгалан нар “Газар чөлөөлөх тухай гэрээ” хийжээ.

-ЗАМЫН ЦАГДААГИЙН ГҮҮРЭН ГАРЦЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭГ ЧИГИЙН УРСГАЛТАЙ БОЛГОЖ МАГАДГҮЙ-

Үүний дагуу одоо “Home Plaza”-гийн зүүн талаас 2,7 метр газрыг чөлөөлөх ажил эхэлснийг иргэд барилгыг бүхэлд нь нураах гэж байгаа гэсэн ойлголттой байгаа юм. Барилгын зүүн талыг хэсэгхэн газрыг чөлөөлөлтийн улсын хөрөнгөөр хийж байгаа бөгөөд, нэмж орох гарах гарч нэмж байгааг ч улсын хөрөнгөөр хийж буй юм.

Ийнхүү газар чөлөөлөлтийн байдлаас үүдэж Замын цагдаагийн гүүрэн гарцын хөдөлгөөнийг нэг чигийн урсгалтай болгох тухай мэдээлэл ч гараад эхэлсэн ажээ.