Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНЭУ-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд нар уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНЭУ-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд нар уулзлаа

Бүгд Найрамдах Энэтхэг улс /БНЭУ/-д Төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр тус улсын Ерөнхий сайд Нарендра Модитой уулзаж, ярилцсан билээ.

Үүний дараа БНЭУ-ын Дэд Ерөнхийлөгч Венкая Найду Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхаж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНЭУ-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд нар Ерөнхийлөгчийн ордонд уулзжээ.

Рам Натх Ковинд: Газрын тос боловсруулах үйлдвэр хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болно гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНЭУ-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковиндтой уулзахдаа Эрхэм Ерөнхийлөгчийн урилгаар Монгол Улсын оюун санааны хөрш Энэтхэг улсад Төрийн айлчлал хийж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, Энэтхэгийн анд нөхдөдөө чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

БНЭУ-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийг эх орондоо тавтай морилохыг хүсээд энэ удаагийн айлчлал нь ойр дотно хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаа гэсэн юм.

Манай хоёр улс 1955 оны арванхоёрдугаар сарын 24-нд Дипломат харилцаа тогтоосон бөгөөд ирэх жил тохиох 65 жилийн ойг ёслол төгөлдөр, үр дүнтэй тэмдэглэн өнгөрүүлэх хэрэгтэй хэмээн Ерөнхийлөгч нар уулзалтын эхэнд онцлон тэмдэглэв.