УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын Монполимет групп 10 тэрбум төгрөгийн өрөө Монголбанкаар төлүүлсэн баримт олон нийтэд ил болсон. Уг асуудлаар хэд хоногийн өмнө нэр бүхий хуульчид АТГ-т өргөдөл гаргасан. Тэгвэл тэд өнөөдөр Монголбанкинд шаардлага хүргүүллээ. Шаардлагад гурван зүйлийг онцолсон байна.
Тодруулбал,
"Монголбанк нь Монполимет ХХК-иас 882 сая 768 мянган төгрөг буюу 4 256 689 ам долларын авлага үүссэн. Дээрх төлбөрийг урт хугацаанд төлөх боломжийг олгож, 2008.09.17-ны өдөр гэрээ байгуулсан.
Гэрээний дагуу өрөө төлөөгүй учир Монголбанк СБД-ийн ИХАШШ-т нэхэмжлэл гаргасан. Харин Монполимет ХХК-иас хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хүсэлт хүргүүлсэн. Шүүх дээрх шалтгаанаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Уг шийдвэрийн дагуу Монголбанк давж заалдаагүй учир Монполимет ХХК 10 тэрбум төгрөгөө төлөх үүргээсээ чөлөөлөгдсөн.
Ингэснээр Монголбанкны Ерөнхийлөгч 2016 оны А/302 тушаалын нэгдэх заалтад "Монголбанкны тайлан тэнцэлд бүртгэлтэй Монполимет ХХК-иас авах авлагыг болзошгүй алдагдлын нөөц сангаас хааж, тэнцлийн гадуур бүртгэл гүйлгээ хийх" үүрэг болгож, уг авлагыг эрсдэлийн сангаас хаасан байна. Ийнхүү Монголбанк дөрвөн жил орчим шүүхт хандалгүй явж, хөөн хэлэлцэх хугацааг өнгөрүүлсэн. ДАВЖ ЗААЛДАХ ГОМДОЛ ГАРГАХААС ТАТГАЛЗАЖ БАЙГАА НЬ АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛТЭЙ ҮЙЛДЭЛ БАЙЖ БОЛЗОШГҮЙ БАЙНА.
Иймд хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлт гаргах, СБД-ийн ИХАШШ-ин шүүгчийн 230 тоот шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах хүсэлтийг тус дүүргийн шүүхэд гаргаж, Монполимет ХХК-ийн төлөх ёстой байсан 10 615 924 551 төгрөгийг гаргуулах, Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалыг хүчингүй болгохыг шаардаж байна" гэжээ.