ОХУ-ын далайн биологийн нөөцийг хамгаалах арга хэмжээний үеэр Приморскийн нутаг дэвсгэрийн хилийн харуулын хэлтсийн усан онгоцны ажилтнууд далайгаас хулгайн ан хийдэг Хойд Солонгосын хоёр усан онгоцыг илрүүлжээ.
Энэ үеэр ОХУ-ын хилийн усан онгоцны хяналтын хэсгийн гишүүд зэвсэгт халдлагад өртөж, гурван хилчин гэмтсэн байна гэж ТАСС агентлаг мэдээлсэн байна.
Мөн усан онгоц болоод БНАСАУ-ын 80 гаруй иргэнийг ОХУ-ын хилчид саатуулжээ. Ингээд БНАСАУ-аас ОХУ-д суугаа бүрэн эрхт ажилтан Зин Жонг Хепийг тус асуудлаар Оросын Гадаад хэргийн яаманд дуудсан байна. Харин тэрээр тус яаманд хүрэлцэн ирсэнийхээ дараа ямар нэгэн тайлбар өгөөгүй бөгөөд хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхөөс татгалзжээ.