Ардчилсан намын бүлгийн дотоод нөхцөл байдлын талаар УИХ-ын гишүүн Ж.Батсууриас тодрууллаа.
-ДЭЭД ШҮҮХ ЭРХ БАРИГЧ НАМЫН ХУУЛИЙН ХЭЛТЭС ШИГ АЖИЛЛАЖ БАЙНА-
-УИХ дахь Ардчилсан намын бүлэг бүрэн бүрэлдэхүүнээрээ өнгөрсөн арван нэгдүгээр сараас хойш хуралдаж чадаагүй. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Д.Ганбатыг ганцаараа хуралдаж, шийдвэр гаргаж ирсэн гэж та бүхэн хэлдэг. Харин өнөөдрөөс эхлээд танай бүлгийн гишүүд бүгд хуралдаа сууж албан ёсоор шийдвэрээ гаргадаг болохоор шийдсэн юм уу?
-УИХ-ын нөхөн сонгуулийн дараах бүлгийн хуралдаанаар олонхийн саналаар Д.Ганбат гишүүнийг бүлгийн даргаас огцруулсан. Уг хурлаар “Өнгөрсөн долдугаар сараас хойш Д.Ганбат гишүүн ганцаарчилж мэдээлэл хийсэн. Бүлгийн шийдвэрийг гуйвуулж мэдээлсэн” талаар ярилцсан. Д.Ганбат гишүүн уг хуралд оролцоогүй мөртлөө гарч гүйгээд “Гурван хүнийг бүлгээс хөөлөө” гэж мэдэгдсэн. Хуулиараа бүлгийн гишүүнийг бүлгийн дарга нь хөөх боломжгүй. Тодруулбал, гишүүн нь хүсэлтээ өгөөд бүлгээс гарч болно. Гарсан тохиолдолд өөр бүлэгт орохгүй. Нийлж бүлэг байгуулахгүй гээд Дэгийн тухай хуулиар хуульчилсан. Бүлгийн дарга бүлгийн гишүүдийг зангидаж, нэгтгэх ёстой. Гэтэл Ж.Батсуурь, Н.Ганибал нарыг намаас хөөлөө, бүлгээс хөөлөө гээд л ярьж эхэлсэн.
Ингээд л үүнээс хойш бүлэг хуралдаагүй. Өнгөрсөн хугацаанд манай хүн /Д.Ганбат/ мэдээлэл сонсож, ганцаараа шийдвэр гарган түүнийгээ танилцуулаад л ирлээ шүү. Бид нарын хувьд Дээд шүүхэд өгсөн намын Их хурлын материалын хариуг хүлээгээд байсан юм.
-Дээд шүүхийн тогтоол өнгөрсөн сарын 31-ны өдөр ирсэн юм байна. Тогтоолын агуулга хоёр талтай гарсан байна лээ. Энэ талаар танилцуулбал?
-Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 31-ны өдөр Дээд шүүхийн тогтоол ирсэн. Тогтоолыг уншаад үзэхээр “Намын Онц Их хурлыг хүчин төгөлдөр гэж үзэж байна. Түүнийг зарласан Үндэсний бодлогын хороог ч мөн хүчин төгөлдөр гэж үзэж байна. Гэхдээ ямар шалтгаанаар байдаг юм О.Цогтгэрэлийг бүртгэхээс татгалзаж байна” гэсэн агуулгатай. Үүнээс үзвэл Ардчилсан нам бүтэн байна. 21 аймаг, 9 дүүрэг, 300 гаруй сумаас ирсэн тамгатай төлөөллийн байгууллагыг ньДээд шүүх хүлээн зөвшөөрч байна. Мөн хурлыг зарласан Үндэсний бодлогын хороог хүлээн зөвшөөрч байгаа юм. Тэгэхээр цаашид үйл ажиллагаагаа явуулах бүрэн боломжтой болчихож байна.
-О.Цогтгэрэлийг сольчих гээд байгаа юм уу?
-Дээд шүүх хуралдаад “Танай Онц Их хурал хүчин төгөлдөр байна” гэсэн. Энэ дагуу “Бид нар ийм даргатай байя” гэхээр “Танайх ийм даргатай байж болохгүй” гээд байгаа юм. Ойлгомжгүй асуудал үүсээд байна. Үүнийг манай намын болчимгүй, арчаагүй байдал гэхээсээ илүү эрх баригчдын ардчиллыг, Ардчилсан намыг хүчгүйдүүлэх санаа гэж үзэж байна. Дээд шүүх эрх барьж буй намын хуулийн хэлтэс шиг л ажиллаж байна шүү дээ. Яагаад ийм шийдвэр гаргасан нь анхаарал татаж байна. Ерөнхийлөгчийн сонгуулиар өрсөлдөөн болоогүй. С.Эрдэнэтэй хэн ч өрсөлдсөн ялна. Дараа нь хоёр нөхөн сонгууль болсон. Хаа, хамаагүй аль болохгүй хүнийг захиалаад л. С.Эрдэнээг нийт хүмүүсийн 90 хувь нь болохгүй байна гэж дүгнэж байна. Манай бүлэг 13 гишүүнтэй. Н.Алтанхуяг, С.Ганбаатарыг бие даагч гэж үзээд саналын эрхтэй 11 гишүүн байна. Үүний 10 гишүүн нь Д.Ганбатыг бүлгийн даргаас чөлөөлж, Н.Ганибалыг томилсныг дэмжсэн.
Гэтэл мань эр тамгаа өгөхгүй ганцаараа бүлгээ төлөөлөөд байна. Ийм нөхцөлд хуралд оролцохоор ЗӨВШӨӨРЧИХ юм шиг болсон учраас хуралд оролцоогүй.
Сая шүүхийн шийдвэр гарсны дараа бүлгийн хурал хуралдаж Д.Ганбатыг огцруулсан бүлгийн шийдвэрийг хэрэгжүүлэхийг дэмжиж байгаа юм. Д.Бат-Эрдэнэ, С.Одонтуяа гишүүн гадаадад яваа. Гэхдээ дэмжсэн. Б.Пүрэвдорж гишүүн ч мөн адил. Нэгэнт олонхийн шийдвэр гарчихсан шүү дээ.
-Д.ГАНБАТ ГИШҮҮН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ МЭДСЭЭР БАЙЖ БУСДЫН ГАР, ХӨЛ БОЛООД БАЙЖ БОЛОХГҮЙ-
-Ардчилсан намын бүлгийн дүрэмд энэ тухай юу гэж тусгасан байдаг вэ?
-Г.Занданшатараар уншуулъя гэхээр нэг тайлбар өгдөг. Тэр нь УИХ анх бүрэлдэн бий болоход бүлгүүдийг уншиж танилцуулах ёстой. Үүнээс цааш бүлгийн даргаа сольсон бол бүлгийнхээ дүрмээр зохицуулна гэсэн. Бүлгийн дүрэмд ердийн олонхоороо чөлөөлөх, томилох, дүрмээ батална гэсэн байдаг. Манай асуудлын хувьд ердийн олонх бүү хэл дийлэнх олонхоороо шийдсэн. Нэг хэсэг Ц.Туваан, С.Эрдэнэ гэж нэг хэсэг явлаа. Дараа нь С.Тулгат, О.Цогтгэрэл гэж бужигналаа. Хажуугаар нь бүлэг учир зүйгээ олохоо болилоо. Дийлэнх олонхоороо асуудлыг шийдсэн байхад “Ажлаа өгөхгүй” гэж зөрсөөр байна. Гэхдээ бодож байгаа байлгүй дээ. Цаашид бүлгийн дүрэмдээ өөрчлөлт оруулах талаар ч ярьж байгаа.
-Д.Ганбат гишүүн өөрөө ямар байр, суурьтай байгаа юм бол. Энэ долоо хоногтоо багтан түүнийг бүлгийн даргаас нь огцруулах уу?
- Огцруулах шийдвэр нь гарсан. Он гарчихлаа. Одоо бүлгийн шийдвэрээ биелүүл гэж байгаа юм. Өөрөө одоог хүртэл ганцаараа хуралдаад л байгаа. Ажлын алба бол бүлгийнх. Түүнээс Д.Ганбат гишүүнийх биш шүү дээ. Яахав бүлгийн дарга ажлын албаны ажилчдыг томилдог учраас айлгаж, ичээгээд байх шиг байна. Ардчилсан намын асуудал нэг жил зургаан сар үргэлжилж байна. Овоо босгоогүй бол шаазгай суухгүй гэдэг шүү дээ.
Манай намын мөрдөж буй дүрэмд олонх болж чадаагүй тохиолдолд намын дарга хариуцлага хүлээж ажлаа өгнө гэж заасан байдаг. Гэтэл одоог хүртэл огцрохгүй байна. Олонх хэсэг нь хурлаа хийчхээд байхад дүрмийн зөрчилтэй байна гээд эрх баригчидтай хуйвалдаад байгаа юм.
Энэ талаар намайг ярьсан, яриагүй нийгэм тэр чигээрээ мэдэж байгаа байх. Далд гар үйлчлээд байна. Миний хувьд бүлгийн гишүүний хувьд санаа зовж байна. Энэ нэг хүний эсвэл Ардчилсан намын асуудал биш. Монгол улсын асуудал.Монгол орныг бэлгэдлийн сөрөг хүчинтэй байлгах эсвэл бүр сөрөг хүчингүй болгож болохгүй. Ковид нэрийн дор дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хувьтай тэнцэх мөнгийг зарцууллаа. Ийм зүйл дээр хамжиж сөрөг хүчнийг тарамдуулж, нэг л бүтэхгүй нам мэтээр нийгэмд харагдуулж байна. Энд чинь дандаа тэнэг хүмүүс байхгүй шүү дээ.
-Д.Ганбат гишүүн ажлаа өгөхгүй бол өнөөдрийн нөхцөл байдал үргэлжилсээр л байх юм биш үү?
-Тэгэхгүй байх. Миний хувьд Д.Ганбат гишүүнтэй гэмгүй харилцаатай. Тиймээс ч хэлдэг. Нөхцөл байдлыг мэдсээр байж бусдын гар, хөл болоод байж болохгүй. Олонхийн саналыг дагах ёстой шүү дээ. Цагаан сарын өмнө цэгцэрвэл сайн шүү дээ. Бидэнд ч хэцүү байна.
-Та бүхний ард Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг байгаа гэдэг?
-Тэгэж л харагдуулдаг байх. Жишээ нь би аль ч фракцыг төлөөлж, татвар төлөөс төлж албан тушаалд томилогдож байгаагүй. Биднийг УИХ-ын гишүүнээр томилогдсоноос хойшхи нэг жилд тэр хүн Ерөнхийлөгчөөр ажилласан. Бүлгийн гишүүдтэй хааяа уулздаг байсан. Түүнээс ганцаарчилж уулзан даалгавар өгдөг, фракцлаад байдаг зүйл үгүй. Ажлаа хүлээлгэж өгснөөс нь хойш уулзалдаагүй байна. Нэг хүний гарт арван хэдүүлээ орно гэж юу байхав.
-Ярилцсанд баярлалаа.