Замын цагдаагийн уулзварын гүүрэн гарц буюу Олимпын гудамж, Их Монгол улсын гудамжийг холбосон дөрвөн эгнээ, 477 метрийн урттай, төмөр бетон гүүрийн үндсэн хөдөлгөөнийг есдүгээр сарын 16-нд нээсэн. Харин Нарны замын зүүн талаас ирэх авто зам үндсэн гүүрэнд холбогдож, Их Монгол улсын гудамж руу буух баруун хойд талын “В” хэсгийн хөдөлгөөнийг есдүгээр сарын 20-нд нээхээр төлөвлөсөн бол зүүн хойд талд үндсэн гүүрнээс Нарны зам руу холбогдох “С” хэсгийн хөдөлгөөнийг энэ оны Аравдугаар сарын сүүлээр нээхээр төлөвлөөд буй.
Ийнхүү гүүрний үндсэн хөдөлгөөнийг нээснээр Улаанбаатарын замын түгжрэлийг 30 гаруй хувиар бууруулна гэсэн тооцоололтой байв. Гэтэл түгжрэл бахь байдгаараа. “Home Plaza” барилга, “Mint” баарыг тойроод нам гацсан дүр зураглалтай байна. Дүнжингаравын зам, Баянмонгол хорооллын зам, урдаасаа Их тэнгэрийн зам, баруун талаасаа Махатма Гандийн гудамж буюу төв цэнгэлдэхийн араар явдаг зам гээд бүх чиглэлийн замууд Home Plaza гэдэг барилга дээр ирээд түгжрэлийг үүсгэдэг. Ямар сайндаа л жолооч нар “Минт барыг нар буруу тойрох нь” хэмээн хошигноцгоож байх вэ.
Эл гүүрийг 42 сая ам долларын зээлээр барьж буй. Ийм өндөр үнэ өртөгөөр цаашид мянган гүүр бариад ч нэмэр алга. Дөрвөн талаас нийлсэн уулзварын дунд баригдсан уг барилга нийслэлийн нэг сая иргэний эрх ашгийг хохироож, хөл хорио тогтоосон нь ийнхүү хошин ч гэмээр, эмгэнэлтэй ч гэмээр ярианы сэдэв болж байна. Анх дөрвөн замын уулзвар болгохоор төлөвлөж байсан газрыг түр зөвшөөрөлтэйгээр авч, улмаар бүр эзэмшилдээ авч Home plaza барьсан гэх. Тус байгуугаламж нь Сандуйгийн төрсөн дүү болох Ц.Сэргэлэнгийн нэр дээр байдаг гэх шуум хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай цацагдсан.
Коммунист хандлагаар хүний хувийн хөрөнгийг үгүйсгэсэнгүй. Гэхдээ цаана нь нийтийн эрх ашиг гэх асар үнэт зүйл буй. Улаанбаатарчуудын зорчих эрхийг боогдуулж буй тус барилгын эздэд нөхөн олговор өгч, газраа чөлөөлөх арга замыг эрэлхийлж яагаад болохгүй гэж. Товчхондоо бол түгжрэлийг бууруулъя л гэвэл “Home plaza”-г буулгая.