Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт баригдаж буй Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудлыг Улаанбаатартай холбосон 32 километр урт тууш замын хөдөлгөөнийг өнөөдөр нээсэн байна.
Тууш зам нь “Яармагийн товчоо - Айцын даваа - Түргэний гүүр - Бөхөгийн хөтөл -Хөшигийн хөндий” гэсэн чиглэлтэй бөгөөд цааш үргэлжлэн Зуунмод, Мандалговийн автозамтай нийлдэг тул жолооч та бүхэн уг замыг сонгон хөдөлгөөнд оролцсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг Тээврийн цагдаагийн албанааас зөвлөлөө.
Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу тууш замд:
Явган зорчигч
Ердийн хөсөг
Унадаг дугуй
Мопед
Трактор, машин механизм болон дээд хурд нь 40 километрээс илүүгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно.
Уг зам нь 32.2 километр урттай, замын зорчих хэсгийн өргөн нь 32.5 метр, хоёр урсгал 6 эгнээтэй. Зорчих хэсэг тус бүр нь зааглагдсан.
Автобусны зогсоол байхгүй. Эргэх, тойрох орц, гарцгүй. Аваарын 10 гарц, зургаан гүүр, үер усны 49 хоолойтой. Гялбаанаас хамгаалсан хаалттай. Хурд хэмжигч болон камерууд суурилуулсан олон улсын стандартад нийцсэн зам юм.