УИХ-ын гишүүн Т.Доржханд, Ш.Адьшаа, Н.Ганибал нар Үндсэн хуулийн зарим заалтыг өөрчлөх асуудлаар цэцэд хандсан. Тодруулбал, тэд Засгийн газарт дөрвөөс дээш УИХ-ын гишүүн ажиллахыг хориглоно гэх Үндсэн хуулийн заалтыг өөрчилж 100 хувь “давхар дээл”-тэй сайд нараас бүрдүүлэх шаардлагатай хэмээн үзэж тус агуулгаар хандсан юм.
Үүнийг Үндсэн хуулийн цэц хэлэлцэж "МАН-ын захиалга”-ын дагуу шийдвэрлэсний дараа, цэцийн шийдвэрийг УИХ дээр хүлээж аваад Засгийн газарт өөрчлөлт оруулна гэсэн мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цэцийн шийдвэр гэх “малгайн” дор зарим сайд нараа огцруулж дараа нь УИХ-ын гишүүдээс шинэ сайд нараа бүрдүүлэх тохироо хэдийн хийгдсэн гэж байгаа юм.
Тэгэхгүй бол нам доторх улс төр, гишүүдийнхээ амбицыг дийлэхгүй байгаа нь ил байгаа бөгөөд Засгийн газраа тэр чигээр хөнтрөхгүйн тулд үүнээс өөр аргагүй гэж буй. Иймд энэ талаар УИХ-ын зарим гишүүдийн байр, суурийг сонслоо.
-Д.ТОГТОХСҮРЭН: ЗАСГИЙН ГАЗАРТ ДӨРВӨН ДАВХАР ДЭЭЛТЭЙ ГИШҮҮН АЖИЛЛАХ НЬ АРАЙ БАГА БАЙНА ХЭМЭЭН ҮЗЭЭД БАЙГАА-
УИХ-ын гурван гишүүн Үндсэн хуулийн цэцэд хандсан. Үндсэн хуулийн цэц шийдвэрээ гаргана. Гаргахдаа Үндсэн хуулийг ЗӨРЧСӨН, ЗӨРЧӨӨГҮЙ гэсэн шийдвэр гаргахгүй юм. Үндсэн хуулийн 64, 65 дугаар зүйлд зааснаар Цэц нь УИХ-д санал ирүүлнэ. Тодруулбал, 39.2 дахь заалт бусад заалтуудтайгаа зөрчилдөж байгаа тул УИХ авч үзнэ үү л гэдэг санал ирнэ. Дараа нь УИХ уг саналыг нь авч хэлэлцээд Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулахаар болбол 57 гишүүнээрээ өргөн барина. Тэгээд дөрвөн хэлэлцүүлгээрээ хэлэлцэнэ. Тэгэж байж шийднэ.
Үндсэн хуулийн асуудал жижиг биш учраас өргөн хүрээнд урт хугацаанд хэлэлцэнэ. Мөн 2008 онд батлагдсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Журмын тухай хууль гэж бий. Энэ хуулиар босго бас өндөр. Өмнө нь хөндсөн заалтыг 8 жилийн дотор дахин хөндөхгүй гэж заасан. Процессын хувьд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал цаг хугацаа шаардсан. Бид хоёр туйлд туйлшраад байна. Өмнө нь нэг хэсэг “давхар дээл”-гүй явсан. Дараа нь “давхар дээл”-гүй байж болохгүй юм байна гээд 100 хувь өмссөн. Тэгэнгүүт парламентын хяналт суларч, Засгийн газар УИХ-ынхаа дээр гарч байна гэх асуудал үүссэн. Үүнийгээ болиулахаар зохистой хэмжээ хэмээн дөрөв гэх тоо тогтоосон. Одоо дөрөв арай бага байна гээд байна.
Бид нэг зарчмыг барих ёстой. Монгол улс сонгодог парламентын тогтолцоо руу бүрэн орох ёстой. Үүний хамгийн утга учиртай гурван зүйлийг хийх гэж байгаад хийж чадаагүй. Тодруулбал, “давхар дээл”-тэй байх ёстой. Гадаадын улс орнуудад ард түмний санал авсан гишүүд сайдаар ажиллана гэдэг зарчим байдаг. Холимог тогтолцоотой байх нь мөн үндсэн зарчим. Бас нэг нь Ерөнхийлөгчөө парламентаас сонгох. Энэ гурван асуудлыг 2019 онд хийе гэж яриад дэмжлэг авч чадаагүй. Бусдыг нь бол хийсэн. Цаашид Монгол улс сонгодог парламентын зарчимтай байя гэвэл үүнийг хийх ёстой. Энэ нь цаг хугацааны л асуудал. Хэзээ нэгэн цагт хийгдэх байх. Бид улс төрд карьерын системээ хийж чадахгүй байна. Япон зэрэг бусад улс нам, улс төрдөө ийм системтэй. Тэр системээр ажлаа хийдэг. Манай улс ийм системийн нэгдсэн бодлогогүй учраас дурын нөхөр сайд болоод байна. Үүнд л бухимдаад байгаа юм.
-Б.ПҮРЭВДОРЖ: ГИШҮҮДИЙНХЭЭ АМБИЦЫГ ДИЙЛЭХГҮЙ БОЛОХООРОО ЦЭЦЭЭР ШИЙДВЭР ГАРГУУЛЖ ДАВХАР ДЭЭЛТЭЙ БОЛГОХ ГЭЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ-
Түүх сануулъя. 2016 оны сонгуулийн өмнө МАН цөөнх байхдаа “давхар дээл”-ийг эсэргүүцэж жагсдаг байсан. Үүнийхээ үр дүнд 2016 оны сонгуульд ялалт байгуулсныг санаж байгаа байх. Энэ итгэл үнэмшлээрээ Ерөнхий сайд болон УИХ-ын дөрвөн гишүүнээс бүрдсэн Засгийн газрыг байгуулж болно гэсэн заалтыг 2019 онд Үндсэн хуульдаа оруулсан. Гэтэл одоо Үндсэн хуулийн цэцээр дүгнэлт гаргуулаад Засгийн газартаа “давхар дээл”-тэй гишүүд авчирна гэдэг нь өөрсдийнхөө байр, сууриас яаж буцдагийг харуулж байна. Иргэдийн саналыг авчхаад яаж хулхиддаг гэдгийн тод жишээ энэ юм.
Үндсэн хуулинд цагаан дээр хараар бичигдсэн учраас Цэцийн дүгнэлтээр өөрчлөх нь байж болохгүй зүйл гэж үзэж байгаа. Ардчилсан нам Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаа. Ингэхдээ гурван асуудал дээр дэмжиж байна. Нэгдүгээрт, он дамжсан сонгуулиуд Монгол улсын хөгжлийг хойш татаж байна. 2020 оны УИХ-ын сонгуульд МАН ялалт байгуулсан. Үүний дараа 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиа бодоод хөгжил дэвшилтэй холбоотой чухал ажлыг хийгээгүй. Зөвхөн нийгмийн халамжийн асуудлаа шийдэж иргэдийн саналыг авахаар ажилласан. Тэгэхээр УИХ-аас Ерөнхийлөгчийг сонгодог болох тогтолцоог дэмжиж байгаа.
Хоёрдугаарт, сонгуулийн холимог системийг оруулахыг дэмжиж байна. Өөрөөр хэлбэл, МАН нийт сонгогчдын 40 хувийн саналыг авчхаад 62 гишүүнтэй ажиллаж байна. Пропорционал системээр сонгууль зохион байгуулах нь сонгогчдын саналыг гээдэггүй сайн талтай. Мөн энэ системээр сонгогдсон УИХ-ын гишүүд олуулаа улсын хөгжил дэвшлийн төлөө томоохон бүтээн байгуулалтыг явуулах эрмэлзэлтэй байдаг. Өнөөдөр жалганаас сонгогдсон гишүүд улсын мөнгийг түүн рүү гээ чирдэг. Гуравдугаарт, 1992 онд Үндсэн хуулийг батлахдаа 76 гишүүнтэй байхаар тогтсон. Тухайн үед 2.5 сая хүн амтай байсан. Өнөөдөр 3.5 сая хүн амтай. Энэ тохиолдолд гишүүдийнхээ тоог нэмэгдүүлж төрийн үйлчилгээг өргөн хүрээнд хүртээмжтэй хүргэх шаардлага байгаа юм. Гэхдээ 99-ээс дээш болгох хэрэгтэй. МАН-ын бүлэг 62 гишүүнтэй. Энэ хүмүүсийнх нь амбиц бий. Фракцуудынх нь сонирхол мөн байна. Гишүүдийнхээ амбицыг дийлэхгүй болохоороо Үндсэн хуулийн цэцээр шийдвэр гаргуулж “давхар дээл”-тэй болгох гэж байна шүү дээ.
-Б.ЭНХБАЯР: ХЭНИЙГ САЙДААР АЖИЛЛУУЛАХ НЬ ЕРӨНХИЙ САЙДЫН БҮРЭН ЭРХИЙН АСУУДАЛ-
Цэц шийдээгүй зүйлийг би мэдэхгүй байна. Дахиж сайд нараа огцруулж, УИХ-ын гишүүдээс засагт оруулж ирэх эсэх нь Ерөнхий сайдын асуудал. Бүтцийг их хурал батална. Хэнийг сайдаар ажиллуулах нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал.