“Эрдэнэт үйлдвэр” хууль зөрчиж, нэр бүхий 28 компаниас ШУУД ХУДАЛДАН АВАЛТ хийжээ

“Эрдэнэт үйлдвэр” хууль зөрчиж, нэр бүхий 28 компаниас ШУУД ХУДАЛДАН АВАЛТ хийжээ

“Эрдэнэт үйлдвэр” бол монголын саалийн үнээ. Үүнийг энэ жил иргэд амьдрал дээр мэдэрч, үр шимийг нь хүртсэн. Нэг үгээр хэлбэл, Засгийн газраас шийдвэр гаргаж, айл өрх, аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, усны төлбөрийг төрөөс даахаар шийдвэрлэж, эл мөнгийг “Эрдэнэт үйлдвэр” төлсөн. Энэ нь тус үйлдвэрийг хэр хэмжээний үр ашигтай ажилладаг болохыг илтгэх.

Үүнтэй зэрэгцээд “Эрдэнэт үйлдвэр” гэх саалийн үнээний үр шимийг өмнө нь ард иргэд бус, үйлдвэрийн удирдлагуудын хамаарал бүхий аж ахуйн нэгж, улстөрчид хүртдэг байсан юм биш биз гэх хардлага хүртэл хөврөөд амжсан. 

Тэгвэл “Эрдэнэт үйлдвэр” шууд худалдан авалт нэрээр цөөн тооны хувийн компаниудад боломж олгож, “угжиж” байсан байж болзошгүй баримт байна.

Тодруулбал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 2019 оны эхний аравдугаар сарын байдлаар 404 удаагийн 2 тэрбум 588 сая төгрөгийн шууд худалдан авалт хийжээ. Товчхондоо, эл хэмжээний мөнгөөр бараа, үйлчилгээ нийлүүлэх эрхийг “хяналтгүй”-гээр аж ахуйн нэгжүүдэд олгосон гэсэн үг.

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-Т ХЭНИЙ, ЯМАР КОМПАНИ ШУУД ХУДАЛДАН АВАЛТ НЭРЭЭР БАРАА ҮЙЛЧИЛГЭЭ “ШАХАВ”

2 тэрбум 588 сая төгрөгийн шууд худалдан авалтыг нэр бүхий 28 компани хийжээ. Нарийвчилбал, “Эрдэнэт үйлдвэр” нь “Таван Богд” ХХК-тай 16 удаа,  “Моннисмоторс” ХХК- 12 удаа, “Частные лецаа наличные”-12 удаагийн шууд худалдан авалт хийжээ. Мөн “Доктор эрдэнэт” ХХК-11, “Натурал Текстайл групп” ХХК-9, “Омерта” ХХК-7, “Их бугат уул” ХХК-7, “Хангай говийн хишиг” ХХК-6, “Номин тав трейд” ХХК-6, “Булжих минерал майнинг” ХХК-6, “Женерал реажент” ХХК-6, “Ногоон очир” ХХК-6, “Огдоо” ХХК-5, “Пи си молл” ХХК-5 удаагийн шууд худалдан авалт хийсэн нь баримтаар ил болов.

Тэгвэл эдгээрийн ард "Таванбогд"-ын Ц.Баатарсайхан, "Номин"-ийн А.Шагдарсүрэн нарын хүмүүс байх аж. 

Угтаа тус үйлдвэр ижил нэр төрлийн барааг нэгтгэн төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалт хийх боломжтой байжээ. Гэтэл Засгийн газрын 2013 оны 58 дугаар тогтоолд заасан шууд худалдан авч болох бараа, ажил үйлчилгээний төсөвт өртөгийн дээд хязгаарын босго үнэ болох 10 сая төгрөгт багтаах зорилгоор төсөвт өртөгийг хувааж, хэд хэдэнд худалдан авалт хийсэн байна. Мөн шууд худалдан авч болох бараа ажил үйлчилгээний төсөвт өртөгийн дээд хязгаар буюу 10 сая төгрөгөөс дээш давсан төсөвт өртөг бүхий 3 төсөл арга хэмжээг шууд худалдан авчээ. Энэ бүхэн нь “Эрдэнэт үйлдвэр”-т хэн нэгний шахаа явагддаг болохыг баталж байх шиг.