Ерөнхийлөгч бүх нийтийн марафонд оролцож, үг хэлэв

Ерөнхийлөгч бүх нийтийн марафонд оролцож, үг хэлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Итгэл найдвар, боломж – Улаанбаатар 2019” бүх нийтийн марафоны нээлтэд оролцож, үг хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Ахиллис Монгол” төрийн бус байгууллагаас “Итгэл найдвар, боломж – Улаанбаатар 2019” бүх нийтийн марафоныг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр зохион байгууллаа.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих зорилгоор 2015 оноос хойш зохион байгуулагдсан уг хандивын гүйлтийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, үг хэлэв.

Тэрбээр “Тамирчид, оролцогчид оо,

Хүрэлцэн ирсэн хүмүүс ээ,

Та бүхэнд “Итгэл найдвар, боломж – Улаанбаатар 2019” бүх нийтийн марафонд оролцохоор, үзэхээр, дэмжихээр цаг зав, сэтгэл гарган ирсэнд талархал илэрхийлье.

Монгол Улсад 2018 оны байдлаар 105,730 хөгжлийн бэрхшээлтэй хүн амьдарч байгаагаас 35,589 нь Улаанбаатар хотод амьдардаг байна. Нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 92,5% нь 15-аас дээш насныхан бөгөөд тэдний зөвхөн 21,1% нь хөдөлмөр эрхэлж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн идэвхтэй харилцаанд орж, сурч боловсроход орчны хандлага, сэтгэл зүй маш чухал байдаг. Нийгэм, эдийн засаг, эрүүл мэндийн хүрээлэл болон хүрээлэн буй орчны саад бэрхшээл, тэгш бус байдлаас шалтгаалан хөгжлийн бэрхшээлтэй болсон мянга мянган иргэддээ Та бид сэтгэл санааны болон харилцаа хандлагын дэмжлэг үзүүлж байгаагаа илэрхийлэн хамтдаа гүйхээр сэтгэл нэгдэн энэ талбай дээр зогсож байгаад би талархаж байна. Та бүхэнд баярлалаа.

Өнөөдөр марафонд гүйх хүн бүрийн алхам, километр, туулсан зай бүр нь бид хамтдаа урагш алхаж, хамтын оролцоогоор нийгмээ бүтээж байгаагийн илэрхийлэл болж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өөрийгөө өөрчлөх хүч, урам зориг болон хүрэх болно. Нэгэндээ урам хайрлацгаая, хамтдаа гүйцгээе, хамтдаа хөгжицгөөе.

Энэхүү гэгээн үйлсэд иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд, бие биеэ дэмжих сэтгэл зүрхтэй монгол хүнийхээ хувиар өргөнөөр оролцоосой хэмээн уриалж байна.

Бусдын төлөө зориулсан үйлс бүхэн төгөлдөр.

Мөнх тэнгэрийн хүчин дор монголчууд урам зориг, итгэл найдвар дүүрэн, эв нэгдэлтэй амьдрах болтугай” гэлээ.




Өнөөдөр бич өдөр

8 цагийн өмнө