-30 ТЭРБУМЫГ ЗАРЛАГАДАХ АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГЫН ИРЦ БҮРДЭХ ҮҮ -
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хоёрдугаар хэлэлцүүлгийг энэ долоо хоногт дуусгаж, ард нийтийн санал асуулгыг явуулахаар тохиров. Гэхдээ ард нийтийн санал асуулгыг явуулах тов, хөрөнгийн хэмжээг эцсийн байдлаар тодорхой болгоогүй байна. Өчигдөр ээлжит бус завсарлах байсан ч дээрх асуудлыг тодорхой болгоогүй учраас завсарлагыг ирэх долоо хоног хүртэл хойшлуулсан. Төрийн байгуулалтын байнгын хороо ирэх долоо хоногт хуралдаж ард нийтийн санал, асуулгын төсөв, хугацааг товлох юм.
Нэгэнтээ УИХ-ын чуулганы шийдвэр гарсан учир ирэх аравдугаар сард нийт ард нийтийн санал асуулгыг зохион байгуулна. Гэхдээ 30 тэрбум төгрөг зарлагадаж /урьдчилсан дүн/ зохион байгуулах ард нийтийн санал асуулгын сонгуулийн ирц хүрэх үү гэдэг нь болгоомжлох асуудал юм.
Хэрвээ сонгуулийн ирц бүрдэхгүй бол 30 тэрбум төгрөгийг салхинд хийсгэсэнтэй ижил болно.
Олон нийтийн зүгээс олигтой өөрчлөөгүй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг 30 тэрбум төгрөгөөр хийснээс 30 сургууль, цэцэрлэг барьсан дээр гэх шүүмжлэлийг хэлж буй. Үнэхээр реформын шинжтэй өөрчлөлтийг хийж чадсан бол иргэдээс асууж болно. Харин тэгээгүй учраас асуух шаардлагагүй гэх хүмүүс байгаа юм. Гэхдээ нэгэнтээ УИХ-аас шийдвэр гарсан учраас ард нийтийн санал явуулна, явуулахдаа ирцийг бүрдүүлэхэд өндөр анхаарах ёстой гэж мэргэжилтнүүд хэлж буй. Нөгөөтэйгүүр маш оновчтой, бодит үр дүн үзүүлэх асуултыг иргэдээс асуух шаардлагатай байгаа юм. Иргэдээс чухам ямар асуултыг асуух нь удахгүй тодорхой болно.
-ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЛААРХ ИРГЭДИЙН МЭДЛЭГ, МЭДЭЭЛЭЛ ХАНГАЛТГҮЙ БАЙНА-
Хөндлөнгийн судалгааны байгууллагуудын хэлж буйгаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаарх иргэдийн мэдлэг, мэдээлэл хангалтгүй байна. Анхнаасаа энэ талаар иргэдэд мэдээлэл дутмаг өгсөн. Цөөн хэдэн төрийн албан хаагчаас хүчээр санал авсныгаа “Иргэд Үндсэн хуулийг өөрчлөхийг дэмжсэн” гэж хэлээд нэмэлт, өөрчлөлтийн нэгдүгээр хэлэлцүүлгийг эхлүүлсэн.
Түүнээс ард иргэд Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулж байгаа, хэрхэн өөрчилж буйг мэдэхгүй байгаа. Тэгэхээр иргэдэд мэдээлэл өгсний дараа ард нийтийн санал асуулгыг явуулбал илүү бодитой хариулт гарна гэж мэргэжилтнүүд хэлж буй.
-МАН ХЭТ ОЛОНХ БОЛСОН ҮЕД ҮНДСЭН ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨХ НЬ ХЭР ЗӨВ БЭ-
Энэ цаг үед эрх барьж буй МАН хэт олонх байхдаа Үндсэн хуулийг өөрчлөх нь хэр зөв бэ гэдэг нь хөндөх сэдэв. Нэг нам хэт олонх байхдаа Үндсэн хуулийг өөрчлөх нь үндсэн санааг гажуудуулах, нэг талыг барих, өөрсдийн эрх ашгийг тусгах зэрэг сөрөг үр дагавартай. Ядаж л эрдэмтэн, судлаачид болон сөрөг хүчин болох АН-ын саналыг тусгаагүй. Тиймээс МАН хэт олонх үедээ Үндсэн хуулийг өөрчилдөг нь буруу гэж дүгнэх иргэд байгаа юм.
МАН- аас сонгогдсон гишүүд УИХ-д хэт олонх энэ үед “Үндсэн хууль”-ийг өөрчлөх нь зөв үү?
Нийт: 500 саналтай