Өнгөрсөн тавдугаар сард Ж.Батзандан, Л.Болд нарын ШИНЭ намд элссэн УИХ-ын гишүүн С.Жавхланг МАХН-д элссэн гэх мэдээлэл гарч эхэллээ.
С.Жавхлан нь ШИНЭ намд элссэнээсээ хойш үйл ажиллагаанд нь огт оролцоогүй бөгөөд нэг ч хэвлэлийн бага хуралд Ж.Батзандан, Л.Болд нартай байлцаагүй билээ.
УИХ-ын гишүүн С.Жавхлан МАХН-д элссэн талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү цахим хуудастаа нийтэлжээ.
Тэрбээр "За ингээд манай ширээний анд, бие даагч С.Жавхлан маань албан ёсоор хоёр дахь удаагаа намын гишүүн боллоо. Баяр хүргэе. Өмнө МАХН-ын гишүүнээс татгалзаж байсан. Мэдээж Х.Баттулга хуруу шилний намаа МАХН-ын бөөрөнд наах байх. Тиймээс дургүй ч гэсэн МАХН-ын гишүүн 2 дахиа болох нь дээ" хэмээн жиргэжээ.
С.Жавхлан 2012 оны УИХ-ын сонгуульд МАХН-аас нэр дэвшиж байсан ч тун удалгүй гишүүнээсээ татгалзсан байдаг. Харин 2016 оны сонгуульд бие даан нэр дэвшээд сонгогдсон юм. С.Жавхлан МАХН-д элссэн талаар албан ёсны байр сууриа илэрхийлээгүй бөгөөд УИХ-ын чуулганы хуралдаандаа ч ирж суулгүй удаж байгаа билээ.