Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт нөхөн сэргээлт нэрийн дор алт угаагаад эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл нөхөн сэргээлт хийнэ хэмээн Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргалт хүсэлт илгээж, улмаар Цэнхэр сумын Засаг дарга Д.Галхүүтэй гурвалсан гэрээ байгуулсан “Грийн Фит” ХХК-ийн эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх эрх нь дууссан байжээ.
Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат 2018 оны гуравдугаар сарын 30-ны өдөр “Грийн фит” ХХК-д эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жилийн хугацаатай олгосон байна. Нэг үгээр хэлбэл, тус компани нь дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхгүй гэсэн юм.
Гэтэл “Грийн фит” нь Архангайн аймгийн Засаг дарга М.Батжаргалд хүсэлт гаргаж, Цэнхэр сумын Засаг дарга Д.Галхүүтэй гэрээ байгуулсан. Улмаар алт угаах техник, тоног төхөөрөмжөө суурилуулж, үйл ажиллагаагаа явуулаад эхэлсэн байдаг. Мөн тус газарт нөхөн сэргээлт хийх, ямар нэгэн шийдвэр гараагүй, үйл ажиллагаа явуулах гурвалсан гэрээ нь хууль зөрчжээ.
ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДЭД ДАРГА Н.ОРГИЛБОЛД: ХОЛБОГДОХ ШАЛГАЛТЫГ ХИЙЖ БАЙГАА
Хууль бусаар ашигт малтмал олборлож буй гэх “Грийн фит” ХХК-ийн талаар Архангай аймгийн Цагдаагийн газрын дэд дарга н.Оргилболдоос тодруулахад “Грийн фит” ХХК-ийг Цэнхэр сумын Орхон багт “Алт угаахаар тоног төхөөрөмжөө суурилуулж байна” гэх мэдээлэл бидэнд ирсэн. Энэ дагуу холбогдох шалгалтыг хийж байгаа. Аймгийн мэргэжлийн хяналтаас тоног төхөөрөмжийг лацадсан” гэх хариултыг өглөө.
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН УЛСЫН БАЙЦААГЧ: “ГРИЙН ФИТ” ХХК АЛТ ОЛБОРЛОЖ, УГААСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ ТОГТООГДСОН
Тиймээс бид тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргыг түр орлон гүйцэтгэгч А.Дашхоролтой холбогдов. Тэрбээр “Грийн фит” ХХК нь бичиг баримтын зөрчилтэй байсан учир бид тоног төхөөрөмжийг лацадсан. Энэ талаарх мэдээллийг улсын байцаагч өгнө” гэх тайлбарыг өгсөн юм. Харин улсын байцаагч нь “Архангай аймгийн Экологийн цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар хамтран “Грийн фит” ХХК-ний хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа гэх газарт энэ сарын 11, 12-ны өдөр хяналт шалгалт хийсэн. Шалгалтын явцад тус компани нь алт олборлож, угаасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Тиймээс тоног төхөөрөмжийг нь лацдаж, үйл ажиллагааг нь зогсоосон. Одоогоор цагдаагийн байгууллага шалгаж байгаа” гэлээ.
ОРОН НУТГИЙН ИРГЭД: ХУУЛЬ БУСААР АЛЬ ОЛБОРЛОСОН НЬ ИЛТ БАЙХАД ОРОН НУТГИЙН УДИРДЛАГУУД ЭНЭ ҮЙЛДЛИЙГ НЬ ХААЦАЙЛААД БАЙНА
Харин орон нутгийн иргэд “Грийн фит ХХК-ийг хэдийнэ алтаа ухаад эхэлсний дараа мэргэжлийн байгууллагууд хяналт шалгалт хийсэн байна. Гэтэл явсных нь дараагаас эхлээд үйл ажиллагаагаа явуулаад эхэлсэн. Мэргэжлийн байгууллагууд ямар шалтгаанаар тоног төхөөрөмжийг нь буцаахгүй, хураахгүй байгаа нь анхаарал татаж байна. Хууль бусаар аль олборлосон нь илт байхад энэ үйлдлийг нь хаацайлаад байна” гэх мэдээллийг өглөө.
Д.ГАЛХҮҮ: “ГРИЙН ФИТ” ХХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЗӨВШӨӨРӨЛ ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ГАРСАН ГЭСЭН. БИ ҮҮНЭЭС ӨМНӨ ГЭРЭЭ ХИЙСЭН НЬ ҮНЭН
Тиймээс бид “Грийн фит” ХХК- тай гэрээ байгуулсан Цэнхэр сумын Засаг дарга Д.Галхүүгээс “Байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр эсэх, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл нь дууссан компанитай яагаад гэрээ байгуулсан талаар тодруулав. Тэрбээр “Үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл нь сая БОАЖЯ-наас гарсан байна лээ. Надад лавлагааг өгсөн. Гэхдээ би зөвшөөрөл нь гарахаас өмнө гэрээ хийсэн нь үнэн. Нөхөн сэргээлт хийх зөвшөөрөл өнгөрсөн жил гарсан. Тендерийн бичиг баримт дээр бүх мэдээлэл нь байгаа. Гэрээн дээр харин энэ талаар тусгаагүй орхигдсон байна лээ" гэх хариултыг өгөөд утсаа тасалсан юм. Ямартай ч хоёр жилийн өмнө сүрийг үзүүлж, тусгай зөвшөөрлийг нь цуцалсан Архангай аймгийн Цэнхэр суманд нөхөн сэргээлт нэрээр хууль бусаар алт олборлож, угааж байгаа ийнхүү ил болов. Харин ул хууль бус үйл ажиллагааг цаашид зогсоох эсэхийг бид эргэн мэдээлэх болно.